У.Хүрэлсүх: Дэлхий дахинд өдгөө 10 сая гаруй хүн монгол хэлээр харилцаж байгаа тухай тооцоо, судалгаа бий

Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны академийн 40 гаруй эрдэмтний хамтран зохиосон “Монгол хэл судлал” 15 боть номын нээлт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа” гэж заасан байдгийг тэмдэглэв.

Өдгөө дэлхий дахинд 10 сая гаруй хүн монгол хэлээр харилцаж байгаа тухай тооцоо, судалгаа бий. Иймд монгол хүн бүр эх хэлээ эрхэмлэн дээдэлж, нандигнан бахархаж, цаг үеийнхээ мэдлэг оюуныг шингээн баяжуулж, ирээдүй хойчдоо өвлүүлэн залгамжлуулах эрхэм үүрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.

Монгол хэл шинжлэл, монгол хэлний түүхээс эхлээд хэлний түвшин бүрийн тогтолцоо, үсэг бичиг, нутгийн аялгууны онцлогийг тодруулж, хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлагын үүднээс нээн тайлбарласан энэхүү 15 боть бүтээлийг бичиж туурвин, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачдын багт Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Монгол хэлийг шинжлэн судлах ажил цаашид улам бүр нарийсан хөгжиж, хэл шинжлэлийн эрдэмтэн, судлаачид олон зуун шилдэг бүтээл туурвина гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

 

 

“Монгол хэл судлал” 15 боть нь хэл шинжлэлийн нийтлэг онол, орчин үеийн арга зүйн үүднээс эх хэлнийхээ бүтэц, тогтолцоог тодруулан гаргасан цогц судалгаа, монгол хэл шинжлэлийн салбарт анх удаа гарч буй бүрэн хэл зүйн бүтээл юм.

Номын нээлтэд хэл, соёл, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments