Сэлэнгэ аймагт гарсан гал ассаар байна
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тус сумын Буургачин багийн Хонгорын нуруу, Гурван булаг гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 26-ны өдрийн 14:14 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.
Улмаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, Ерөө сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа гэнэ.
Тавдугаар сарын 27-ны өдрийн 21:00 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид автомашинтай хөдөлсөн байна.