Хүрэн баавгайн гурван бамбаруушийг байгальд нь тавьжээ
Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгээр хүрэн баавгайн 3 бамбаруушийг байгальд нь тавилаа.
Эдгээр бамбаруушийг нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаах үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, “Animals Australia“ байгууллагын эрдэмтэн, Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад талархал илэрхийллээ. Тэрбээр, Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын үйл ажиллагаатай танилцан байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл, цалин, хангамжийн талаар санал солилцов.
Ховд, Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумын нутгаас өнгөрсөн намар олдсон хүрэн баавгайн 3 бамбаруушийг 10 сар орчим хугацаанд БОАЖЯ-ны харьяа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид асран тэжээж, өдийг хүрчээ.
Хүрэн баавгай нь Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархсан юм. Биологийн хүрээлэнгийн 1986 онд хийсэн судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ. 2017 оны байдлаар Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумын 5477.6 км2 нутагт 132±7 толгой хүрэн баавгай 1000 га-д 0.8 бодгаль ногдох нягтшилтай байв.
Хүрэн баавгайг Засгийн газрын 2012 оны тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэжээ. Тархац нутгийн 21 орчим хувь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан аж.
Тархац, нөөц, биологи экологи онцлогийг тусгайлан судалж, хамгаалах арга боловсруулах, байршил нутаг дахь хүний нөлөөллийг багасгах, амьдрах орчны доройтлоос сэргийлэх, тархац нутгийг хамгаалах, зах зээл дээрх баавгайн бүтээгдэхүүний хууль бус худалдааг зогсоох, ган, зудын гамшигт нэрвэгдсэн үед нэмэлт тэжээл тавьж өгөх, удмын санг хадгалах зэргээр хамгаалах арга хэмжээ авч байгааг БОАЖЯ мэдээллээ.