“Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулган эхэллээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Барилга, хот байгуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ, ҮТХН-ийн Олон Улсын Түншлэл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран Олон улсын болон мэргэжлийн байгууллагууд, аймаг, орон нутаг, хотын төлөөлөл, хувийн хэвшил, хүүхэд залуучуудын төлөөллийн дунд “ Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулганыг зохион байгуулж байна.
Чуулган орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% хүртэл бууруулах зорилтыг хангах, салбар дундын оролцоог нэмэгдүүлж, аймаг орон нутгийн түвшинд сайн туршлагуудыг дэмжих зорилготой юм.
Салбарын яамдууд, олон улсын болон мэргэжлийн байгууллагууд, аймаг, орон нутаг, хаотын төлөөлөл, хувийн хэвшил, хүүхэд залуусын төлөөлөл 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
Чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах чиглэлээр ажиллаж буй үндсэн салбарууд болох эрчим хүч, барилга, ХАА, аж үйлдвэр, хог хаягдал орчны бохирдол, ногоон санхүүжилт, хэрэгжүүлэлтийг хэлэлцэнэ.
Чуулганыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нээж үг хэлэхдээ:
“Эрхэм хүндэт сайд нараа, Эрхэм төлөөлөгчдөө, Юуны өмнө, Өнөөдрийн чуулганд хүрэлцэн ирсэн нийт оролцогчид, төлөөлөгчдөдөө халуун баяр хүргэе.
Уур амьсгалын өөрчлөлт бол XXI зуунд дэлхий дахинд тулгамдаж буй нэн чухал асуудлуудын нэг болоод байна. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал бий болох гол хүчин зүйл нь хүний буруутай үйл ажиллагаа гэдгийг эрдэмтэн судлаачид олон жилийн судалгааны дүнд тогтоосон. Хүн төрөлхтний аж үйлдвэржилт, техник технологийн хөгжил, механикжилтын үр дүнд байгаль орчин доройтож, агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгарсны улмаас дэлхийн гадаргын дундаж температур аажмаар ихсэж, байгаль дэлхийн экосистемийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн. Энэ нь зөвхөн байгаль орчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, хүний эрүүл мэнд, улс орны эдийн засагт ч мөн сөрөг нөлөө үзүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нөлөөллийг бууруулах, дасан зохицох зорилгоор анх 1992 онд “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц” гэсэн бичиг баримтыг “Байгаль орчин ба Хөгжлийн Бага хурал” дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын гишүүн улс орнууд дэмжиж гарын үсэг зурсан юм. Тус конвенцын хүрээнд хийгдсэн 2015 оны Парисын хэлэлцээрт дэлхийн 195 орон гарын үсгээ зурж, дэмжихээ илэрхийлсэн бөгөөд хэлэлцээрийн зорилго нь дэлхийн дундаж дулаарлыг Цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй барих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй хөгжилд хүрэхэд санхүүгийн урсгалыг тогтвортой байлгах чиглэлээр санаачилгууд гаргасан.
Парисын Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд дэлхийн уур амьсгалын дулаарлын явцыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 2 хэм, цаашилбал цельсийн 1.5 хэмд хязгаарлахаар тогтсон.
Энэхүү зорилгод хүрэхийн тулд дэлхий нийтээр 2010 оны байдлаар ялгаруулж байсан нүүрсхүчлийн хийг 2030 он гэхэд 45% бууруулах, 2050 он гэхэд нийт ялгарлын хэмжээг шингээлтээс хэтрүүлэхгүй барих шаардлагатай. Гэвч улс орнуудын 2015 онд дэвшүүлсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтот хувь нэмрүүд нь Парисын Хэлэлцээрийн зорилгыг хангах боломжгүйг судлаачид нотолсон. Иймд, улс орнууд хүлээх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж, зорилтуудаа ахиулах шаардлагатай тулгарч байна.
Тус конвенц, түүнийг хэрэгжүүлэх Парисын Хэлэлцээрт нэгдэн орсноор манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний нөлөөлөл, эрсдэлээс хүн төрөлхтнийг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах үүрэг хүлээхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг олон улсын байгууллагууд болон өндөр хөгжилтэй орнуудын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломж бүрдсэн.
Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралд өчүүхэн хувийг эзлэх боловч, нэг хүнд оногдох хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дунджаас 2.7 дахин их юм Монгол улс “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах үндэсний зорилтот хувь нэмэр” баримт бичгийг 2015 онд боловсруулан баталж, Парисын Хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцөлийн дагуу уг баримт бичгийг 2019 онд шинэчилж, хүлэмжийн хийн ялгарлаа 22.7 хувь буюу 16.89 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах зорилт тавьж, тэргүүлэх зэргийн ач холбогдолтой арга хэмжээнүүдийг багтаасан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” баримт бичгийг боловсруулсан.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд эмзэг орны хувьд, Монгол Улс Парисын Хэлэлцээрийг 2016 оны 09 дүгээр сарын 01-нд соёрхон баталж, Засгийн газар хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Эдгээр зорилтууд нь зөвхөн үндсэн эх үүсвэрүүдээс ялгарсан хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ, түүнийг бууруулах боломж, арга хэмжээг хамарсан. Үүнээс гадна, агаарт гарсан нүүрсхүчлийн хийг хөрс, ургамал, ой их хэмжээгээр буцаан шингээдэг.
Иймд, газар ашиглалт болон ойн салбарын хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авснаар үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг нэмэлт 11.2 хувиар бууруулах боломж бүрдэнэ. Үүнийг тооцож үзвэл Монгол Улс нийт хүлэмжийн хийн ялгаралтаа 2030 он гэхэд 33.9 хувиар бууруулах боломжтой юм.
Бид энэ удаагийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн чуулганаа “Уур амьсгалын өөрчлөлт ба хот” нэрийн доор зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг үндэсний болон хот, орон нутгийн түвшинд эрчимжүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах, ногоон санхүүжилт, ногоон технологи, инноваци, шийдлийг дэмжих, энэ чиглэлийн амжилттай хэрэгжиж буй сайн туршлагуудыг танилцуулж, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Энэхүү чуулганы 2 дах өдөр бид орон нутгийн манлайлагч залуучуудын төлөөллүүдийг цуглуулж, дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхэд залуучуудын дуу хоолойн хүргэж, хүүхэд залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх, өөрсдийн дуу хоолойг хүргэж, амьдралын зөв дадал, хэмнэлийг хэвшүүлэхэд чиглэгдэнэ.
Чуулганы үр дүнд Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талууд тэр дундаа хот, орон нутгийн оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагааны х хүрээг илүү тодорхой болгох, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний шинэ сувгуудыг нээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, цөлжилт, шороон шуурганы эсрэг үр дүнтэй тэмцэхэд орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Эцэст нь төр, орон нутгийн, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн энэхүү чуулганд Та бүхэн идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр бүх түвшинд үр дүнтэй ажиллах боломж, бололцоонуудыг эрэлхийлж, эх байгальд хил хязгаар байхгүй учраас манай зүтгэл, оролдлого даян дэлхийн тогтвортой ногоон хөгжилд хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа гэсэн юм.