|

Цэцэрлэгийн хүүхдүүдэд төсвөөс олгодог хувьсах зардлыг албан тушаалтнууд завшиж байсан гэв үү 

Засгийн газраас бага насны хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах үүднээс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 420 орчим цэцэрлэгт сар тутам хувьсах зардал олгодог байна. Ингэхдээ тухайн цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн тооноос хамаарч төсвөөс мөнгө өгдөг.
Гэтэл энэ мөнгө хүүхдэд биш, хувийн цэцэрлэг нэртэй ямар ч хүүхэдгүй, албан тушаалтнуудын танил талын байгуулсан хэдхэн аж ахуйн нэгжийнхний халаасанд орж байсныг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Нийслэлийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтнууд хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний санхүүжилт авч завшсан асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу 2022 оны тавдугаар сарын 27-нд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн цэцэрлэг, тус дүүргийн Төрийн сан, Боловсролын хэлтэст цагдаагийнхан нэгжлэг хийсэн гэнэ. Улмаар “Монголын хүүхэд, хөгжлийн ордон” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Хишигбаяр, улсын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Уртнасан нар төрөөс олгож байгаа хувьсах зардал, санхүүжилтийг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Н.Батцэцэгтэй бүлэглэн хуурамч баримт ашиглан завшсан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн аж. Тэднийг төсвөөс олгодог хувьсах зардлын 200 гаруй сая гаруй төгрөгийг завшсан гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн хэмээн Баянгол дүүргийн албаны эх сурвалжууд ч баталсан юм.
Түүгээр ч зогсохгүй саатуулсан байж болзошгүй гэдгийг ч хэлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан. Гэтэл хувийн цэцэрлэгүүд хүүхдүүдийн эцэг, эхээс төлбөр авахын зэрэгцээ хуурамч баримт бичиг бүрдүүлэн төсвийн санхүүжилтээс давхар мөнгө авч буй нь багачуудыг ашиг олох хэрэгсэл болгож байгаа нь илэрхий болов. Зарим нь хэд хэдэн цэцэрлэг ажиллуулж ашиг олохын зэрэгцээ алтны орд газартай нөлөө бүхий эрхмүүд байгаа тухай мэдээлэл ч бий.
Эх сурвалж: Г.РАВЖАА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *