ЗГ: Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022-2023 оны хичээлийн жилд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022-2023 оны хичээлийн жилээс дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны хүүхдийн тоо, цэцэрлэгийн барилгын хүчин чадал, анги танхимын багтаамж, өрхийн мэдээллийн сан, гэр цэцэрлэг хоорондын зайнд үндэслэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн хамран сургах тойрог тогтооход баримтлах аргачлал баталж, цэцэрлэгийн хамран сургах тойргийг шинээр тогтоон, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөнө.
Цэцэрлэгийн хүртээмж багатай зарим дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн цэцэрлэгийн барилгын сул орон зайд хамран сургах тойргийн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс нэмэлт элсэлт зохион байгуулах, тавигдах шалгуур, шаардлага хангасан тохиолдолд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжээс барилга түрээслэх, худалдан авахад баримтлах үнийн жишиг тарифыг судалж шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн ачаалал өндөртэй, төвийн дэд бүтцээс алслагдсан зарим дүүрэг, хороонд орчин үеийн технологи ашигласан гэр цэцэрлэг байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх, нийслэлд шинээр баригдах хотхон, хорооллын барилга байгууламжийн төлөвлөлтөд цэцэрлэгийн барилгын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг заавал тусгах талаарх барилгын норм, дүрэмд заасан шаардлагыг мөрдүүлэх, өмнө ашиглалтад орсон хотхон, хорооллын орон сууцны барилгын нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар барилгын холбогдох норм дүрийн дагуу засварлан тоноглож эрх бүхий мэргэжлийн байгууллагын комисс хүлээн авдаг зохицуулалт хийж, хяналт тавих, байгууллагын цэцэрлэг ажиллуулах санаачилгыг дэмжих зэрэг арга хэмжээ авна.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1000 орчим бүлгийн багш дутагдах судалгаа байна. Багшийг хөрвөх сургалтаар нэмж бэлтгэх, оюутан ажиллангаа суралцах боломж бүрдүүлэх, багшийг давтан бэлтгэх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулна. Цаашид сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх насны 141 мянган хүүхэд байгаагаас 106 мянган хүүхдийг төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгт хамруулах боломжтой, 34 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлд цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй 34 мянган хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулах боломжийг бүрдүүлэх, нийслэлд амьдарч буй хоёр болон гурван настай нийт хүүхдийн 80-90 хувийг цэцэрлэгт хамруулахаар тооцож байна.
Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тус аймагт ажиллахдаа өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.Мөн Ерөнхий сайдын захирамжаар Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.Тус зөвлөлийн анхны хуралдаанаар “Цагаан дэл уул-Өлзий” автозамын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны шийдвэрийг түдгэлзүүлсэн талаар ярилцах нь зүйтэй гэжээ.Монгол Улсын Засгийн газрын “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” 2014 оны 246 дугаар тогтоолоор “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозмын замын боомт байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон сумын малчид, иргэд хилийн боомт хүртлэх автозам тавигдсанаар зам дагуух ашиглалтын зөвшөөрөлтэй уурхайнууд нээгдэж, улмаар говийн унаган байгалийн экосистемийг алдагдуулах, ховор ан амьтны байршилгүй болох, бэлчээр хомсдох зэрэг сөрөг нөлөөлөл үүснэ хэмээн эсэргүүцэл илэрхийлж буй юм.
Мах,махан бүтээгдэхүүн экспортолдог “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалжээ
Мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Иргэдийн гомдлын дагуу энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна. Тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн экспортод гардаг юм байна.Мөн хурлаар Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, махны нийлүүлэлтийн сүлжээний хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.
Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.Мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүн 106 мянган тонныг экспортолжээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд шууд хор хөнөөл учруулахуйц эрсдэлтэй салбарууд болох хүнс, эрүүл мэнд, барилга, зам дэд бүтцийн хяналтыг ямар ч тохиолдолд сулруулж болохгүй. Монгол Улсын экспортын мах, махан бүтээгдэхүүн ийм түвшинд байгаа нь нэг талаас монголчууд бидний нэр хүнд, нөгөө талаас хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой, ноцтой асуудал гэдгийг онцгой анхаарч ажиллах ёстой” гэж мэдээлэл хийхдээ хэллээ.
Товч мэдээ
- Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, экспорт, импортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтод Засгийн газрын 2022 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон тусгай горимын хугацааг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа.
- Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журмыг баталлаа.
- Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Дотоодын цэргийн 805 дугаар ангийг хошууч генерал Алтангэрэлийн Думбарайн нэрэмжит болголоо.Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар