Ховд голын усанд осолдсон байж болзошгүй хоёр настай хүүхдийг хайж байна
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ бага насны хүүхэд тавдугаар 30-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаан гарам багийн “Цагаан хад” гэдэг газраас “Хоёр-Арал” гэдэг газар хүртэл 25 км-т завиар, голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 06.02-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.