З.Санждорж: Намайг хүчингийн хэрэг үйлдсэн гэж удаа дараа зохион байгуулалттай гүтгэж байна
Бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй хамба лам З.Санждорж мэдээлэл хийж байна. Тэрбээр холбогдсон асуудлынхаа тухай:
“Намайг хүчингийн хэрэг үйлдсэн гэж удаа дараа зохион байгуулалттай гүтгэж байна. Тэр бүрт би гомдол гаргаж, баримт нэхсэн. Гэтэл баримтгүй дандаа аман байдлаар намайг гүтгэсэн. Эргээд тайлбар хэлж чадахгүй байсан. Намайг боловсролгүй, хийдээсээ хөөгдсөн, элдэв гэмт хэрэгт холбон гүтгэсээр ирсэн. Би хүчингийн хэрэг хийгээгүй. Энэ мэдээллийг миний эсрэг тарааж байгаа хүн бол Гандангийн хөрөнгийг зараад идчихсэн хэргээр шалгагдаж байгаа Д.Чойжамц хамба тарааж байгаа. Тэр хүн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн. Би бол ямар ч гэм зэмгүй хүн” гэв.
Эргэн сануулахад, 2019 оны долоодугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогч О нь “З.Санждорж ламд удаа дараа хүчиндүүлсэн” хэмээн өөрийн биeэр өргөдөл гаргаж, очсон байна. Хохирогч эмэгтэй өргөдөлдөө “Хамба лам З.Санждорж эдийн засгийн дарамтад оруулж, 2017 оны арваннэгдүгээр сард хүч хэрэглэн, хүсээгүй байхад нь одоогийн шар ордны нэг давхарт удаа дараа хүчирхийлж байсан” гэдгийг дурдсан байдаг.
Шалгалтын явцад, түүний хүч хэрэглэсэн үйлдэл нь хоёр жил үргэлжилсэн болох нь тогтоогдсон ч хохирогчийг дарамтад оруулснаар өргөдлийг нь татуулж, эрүүгийн хэргээс мултарсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм.