Л.Болор: Иргэд маань Үндэсний үйлдвэрлэлдээ итгэлтэй байгаарай
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХКийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдон үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж буйг олон нийтэд эл тод болгон мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Монголын махны холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор: Сүүлийн үед үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор албан тайлбар өгөхийг зорилоо. Эх сурвалж гэсэн хүний мэдээллээр бусад олон зуун компанийн ажилтнуудын, хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөж байна. Иргэд маань Үндэсний үйлдвэрлэлдээ итгэлтэй байгаарай. Би ч бас эх хүн, бурхан шүтээнтэй, Монгол хүн байж тийм аюултай, иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй.
Бид өдөр болгон түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл дээж авч, 100 гаруй нэр төрлийн шинжилгээнд хамруулж эрүүл, эргэлзээгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг.Тийм учраас олон нийт, ард иргэддээ хандаж хэлэхэд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар ч эргэлзээгүй шүү. Хиам, хиаман бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж бүү туйлшраасай. Бид ямар ч эргэлзээгүй, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа” гэв.
А.ЭНХЖИН