Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 85 хувь нь ногоон байгууламж болно
УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар зохион байгуулж байгаа нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт үргэлжилж байна.
Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн талаар танилцуулсан.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тохижилт, ногоон байгууламж, явган замын төлөвлөлтүүдийг хийсэн. Маршалын гүүрний зүүн талын хэсэгт 5 га талбайг эзлэх тохижилтын ажлыг төлөвлөж, зураг төсөл нь гарсан байгаа. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нийт 35 га газрын 85 хувь нь ногоон байгууламж болно. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийж хэрэгжүүлэх юм” гэлээ.