“Өөрөө эрлийз морь уядаг Хууль зүйн сайд эрх ашгаа хэтрүүлэн хэрэглэж байна”
Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар наадамд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжинэ хэмээн өнгөрсөн сард хэлж байсан удаатай. Гэтэл энэ заалт нь өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн Үндэсний их баяр наадмын утга учир алдагдахад хүрч байгаа аж. Учир нь морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулбал зөвхөн эрлийз морьд л уралдах эрхтэй болно. Иймд зургаадугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр Сүхбаатарын талбайд морьтой тайван жагсаал хийхээр уяачид, малчид мэдэгдсэн юм.
Гэтэл уяачдыг Төв талбай руу морьтой очих боломжгүй хэмээн цагдаа нар замд нь саатуулжээ.
Уяачдын төлөөл : “Манай улс төрчдийн хаврын синдром дуусаагүй байгаа бололтой. Зургаадугаар сарын 8-ны өдрийг хүртэл олон жагсаал цуглаан төлөвлөсөн болохоор морьтой жагсаалыг зохион байгуулахгүй гэнэ. Бид нар 100 морьтон Төв талбайд жагсааж тайван жагсаал хийх хүсэлтэй байна. Монгол хүн морьгүй бол явган нүцгэн модоо барилаа гэдэг. Тиймээс бид нар өнөөдөр энд морьтойгоо хүрээд ирсэн. Цагдаа бол ард иргэдийн нэг хэсэг шүү дээ. Гэтэл цагдаа нарыг бидний эсрэг турхирж байгаад харамсалтай байна. Хот руу наашаа орж ирж байгаа уяачдыг маань цагдаа нар саатуулаад орж ирүүлэхгүй байна. Хоримоор байгаа бол махаа хорих хэрэгтэй. Хорих юм зөндөө байхад морьтон бид нарыг хорьж байна. Баян хоосны л ялгаа гарч байгаа юм даа. Орчлон хорвоо дээр байхгүй сэрвээ гэдэг хэмжүүр оруулж ирээд ашиг хонжооны төлөө өөрөө эрлийз морь уядаг хууль зүйн сайд эрх ашгаа хэтрүүлэн хэрэглэж байна. Наадам болоход сар үлдлээ. Бид нар үр дүнд хүртэл тэмцэнэ”
Т.ТҮШИГ