ХЭРГИЙН МӨРӨӨР: “Хөвсгөл гурил тэжээл”-ийн ХХК-ийн өмчлөлийн маргаанаас болж 14 настай хүү амиа алдав
Хөвсгөл аймгийн Мөрөн сумд үйл ажиллагаа явуулж байсан “Гурил тэжээл” ХХК-ын будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зоориноос сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжлагдаж байсан 14 настай хүүгийн цогцсыг олоод буй. Эл харамсалтай хэргийн дуудлага зургаадугаар сарын 05-ны өдрийн 12:20 аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Улмаар алба хаагчид 2 км зам туулан осол болсон үйлдвэрийн байр буюу ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зоориноос хүүгийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байдаг.
Хүүгийн цогцсыг олсон эл үйлдвэр нь хөрөнгийн маргаанаас болж 2004 онд хаалгаа барьжээ. Түүнээс хойш үйлдвэр хаягдаж, битүүмж нь удаа дараа алдагдаж, хүүхэд багачууд эрсдэлд өртсөөр байсан аж. Хагархай цонх, өндөр хүчдэлийн утас, шон, онгорхой цоорхой нүх сүв үүсэж, орон гэргүй хүмүүсийн толгой хоргодох байр болсон байна. Хүүгийн цогцсыг битүүмжлээгүй, 9 метрийн гүн будааны агуулахаас олсон юм.
Талийгаач хүүхэд зургаадугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байжээ. Тухайн осолтой холбогдуулан “Гурил тэжээл” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Бямбаа ийн ярив.
Асуудал дагуулаад буй эл компанийн төрийн мэдлийн 51 хувийг анх 1998 онд дөрвөн хүн 96 сая төгрөгөөр хувьчилж авчээ. Д.Бямбаа, Л.Ганбат, М.Бат-Очир, Б.Батсуурь нарын дөрвөн хувьцаа эзэмшигчээс хамгийн олон хувьцаа буюу 24.9 хувийг нь Д.Бямбаа авч байсан аж.
Компаний бүх гишүүдийн хурлаас Д.Бямбааг “Хөвсгөл гурил тэжээл” компаний ТУЗ-ийн дарга, Л.Ганбатыг гүйцэтгэх захирлаар томилжээ. Гэвч Л.Ганбат компаний тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн, хуурамч бичиг баримт бүрдүүлж, компаний дүрмийг өөрчлөн, ганц эзэмшигчтэй болгож улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай ТУЗ-ийн гишүүн Д.Бямбаа бидэнтэй ярилцах үеэрээ хэлсэн юм. Улмаар 2021 оны зургаадугаар сарын 11-нд Захиргааны хэргийн шүүхээс 2004 оны “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ний дүрмийг бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоосон гэх.
“Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн хамтран өмчлөгчид гүйцэтгэх захирал Л.Ганбатыг хуурамч тамга тэмдэг ашиглан, хувьцаа эзэмшигчдийн дундын санд байршуулах ёстой ашиг орлогыг хувьдаа завшсан хэмээн үзсэнээр цагдаагийн байгууллагад хандсан аж.
Бид тухайн мэдээлэлтэй холбогдуулан тухайн компанийн захирал гэх Л.Ганбаттай утсаар холбогдон тодруулахад: “Тус компанийн ерөнхий захирлаар Д.Бямбаа гэдэг хүн байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд өөрийг нь гүтгэж, хуурамч хэрэг тохсон тухайгаа ярив. Харин тухайн осолтой холбогдуулан түүнтэй цагдаагийн байгууллаас холбогдсон бөгөөд талийгаачийн ар гэртэй холбогдож амжаагүй гэдгээ хэллээ.
2004 оноос үйлдвэрлэл зогссон ч, хөрөнгийн маргаанаас болж үйлдвэрийн обьектыг зохих ёсоор битүүмжлээгүй, аюулгүй байдалд анхаараагүй байснаас ийнхүү гэм зэмгүй өсвөр насны хүү харамсалтайгаар амиа алдав. Өнгөрсөн хугацаанд тухайн аймгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд үйлдвэрийн аюултай обьектыг яагаад битүүмжилж, арга хэмжээ авсангүй вэ. Өмчлөлийн маргаан дуусах хүртэл ахин хэдэн хүний амь хохирох ёстой вэ.
О.ЦОЛМОН