Турк улс шувуунаас болж нэрээ сольсон уу
Турк улс нэрээ “Turkey” бус “Turkiye” болгон өөрчлөх хүсэлтээ НҮБ-д илгээсэн билээ. Тус хүсэлтийг НҮБ хүлээн авч пүрэв гарагт (2022.06.02) хүлээн зөвшөөрсөн. Нэрээ өөрчилснөөр тус улсын үнэ цэнийг нэмэгдүүлнэ хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу хэлсэн байна. Харин тус улсын Ерөнхийлөгч Рецеп Тайип Ердоган “Энэхүү шинэ нэр нь Турк улсын соёл, үнэт зүйлс, иргэдийг төгс илэрхийлнэ” хэмээжээ.
Гэвч интернет дээр Турк нэрээ солих болсон гол шалтгаан нь тус улсыг Turkey нэртэй Хойд Америкт талархлын баярын үеэр иддэг шувуутай андуурахаас залхсантай холбоотой гэх цуурхал тархжээ.
Истанбул хотод үйл ажиллагаа явуулдаг “EDAM” институтийн захирал Синан Улген хэлэхдээ “Турк нэрээ сольж буй гол шалтгаан бол тэрхүү шувуутай нэр холбогдохоо зогсоох юм” гэсэн байна. Харин мэргэжилтнүүд үзэж буйгаар бол олон шалтгааны улмаас Турк нэрээ сольжээ. Үүний нэг нь ирэх жилд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Эрдоган үндсэрхэг үзэлтэй иргэдийн саналыг татахын аж.
Эх сурвалж: CNN
Б.БУЯНДОРЖ