БАРИМТ: Цагдаа, мэргэжлийн байгууллагууд мэдэж байсан ч, 14 настай хүүхдийг үхэлд хүргэжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумд үйл ажиллагаа явуулж байсан “Гурил тэжээл” ХХК-ын будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зоориноос сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжлагдаж байсан 14 настай хүүгийн цогцсыг олсон тухай бид өмнө мэдээлсэн. Эргэн сануулахад хүүгийн цогцсыг 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зоориноос олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байдаг.

Хүүгийн цогцсыг олсон эл үйлдвэр нь хөрөнгийн маргаанаас болж 2004 онд хаалгаа барьжээ. Түүнээс хойш үйлдвэр хаягдаж, битүүмж нь удаа дараа алдагдаж, хүүхэд багачууд эрсдэлд өртсөөр байсан аж. Хагархай цонх, өндөр хүчдэлийн утас, шон, онгорхой цоорхой нүх сүв үүсэж, орон гэргүй хүмүүсийн толгой хоргодох байр болсон байна.

Хамгийн харамсалтай нь уг үйлдвэрийн ТУЗ-ын дарга Д.Бямбаа өнгөрөгч гуравдугаар сараас хойш уг үйлдвэрийн объект аюултай байна, арга хэмжээ авч өгөөч хэмээн Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн хяналтын газарт сануулж, албан бичгийг хүргүүлж байжээ. Гэвч тухайн үед цагдаа, мэргэжлийн байгууллагаас дорвитой арга хэмжээ авч, объектыг битүүлжлэн, аюулгүй болгоогүйгээс ийнхүү өсвөр насны хүү амиа алдлаа.

-ГУРАВДУГААР САРЫН 31-НД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД ХАНДЖЭЭ-

Энэ оны гуравдугаар сарын 31-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Түмэнбаярт:

“Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ын барилга, цахилгаан, сантехникийн шугамууд болон тоног төхөөрөмжүүдэд үзлэг хийж, мэргэжлийн үнэлгээ дүгнэлт гаргаж өгнө үү. Үүнд:

  • Барилга бүтэц, хийцийн аюулгүй байдлыг талаар
  • Эрсдэлтэй байгаа цахилгааны ил утас, монтаж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын талаар
  • Сантехникийн шугам сүлжээний аюулгүй байдлын талаар
  • 2008-2010 оны Улаан буудайгаар үйлдвэрлэсэн, 13-аас доошгүй жил хадгалагдсан гурилыг байгаль орчин, хүн амьтанд аюулгүйгээр хэрхэн устгах талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

 

-ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4-НД АХИН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД ХАНДСАН БАРИМТ-

 

-ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4-НД ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ-

5.5 га газарт бүрэн хашаатай. Хашаанд том, жижиг 21 барилга байгаа бөгөөд нийт талбай 3.5 га. 18 барилга хаалга нь эвдэрхий. цонхууд нь хагархай, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь маш их хуучирсан, 14-21 жил ажиллаагүй зогссон, унах магадлал ихтэй, 20 метр хүртэл гүнзгий нүх цооногууд олонтой, хүн хүүхэд орвол осолдох магадлал ихтэй, гэрэлтүүлэг байхгүй, 6000 вольтын шугамын үзүүр газарт хэвтэж байгаа, гэмт хэргийн үүр уурхай болмоор орчин үүссэн байна. Энэ объект хувьчлагдсан, дундын өмч болсон бөгөөд үйлдвэрийн орчинд гэмт хэрэг, осол аваар гарвал хариуцах эзэн онооход хэцүү байдалд орохоор байна. Үйлдвэр зогссоноос хойш энэ объектын харуул хамгаалалт, үйл ажиллагааг хариуцаж байсан нөхөр Л.Ганбат, түүний гэр бүлийн компани “Тэс Гүн” ХХК-ын хариуцлагагүй байдлаас болж, ийм нөхцөл байдал үүссэн байна. Үйлдвэр зогссоноос хойш хоёр ч хүн эндсэн тохиолдол гарсан байна. Дундын өмч учраас энэ ажлыг эзэнжүүлж, хариуцлагажуулж, барилга болон тоног төхөөрөмж, цахилгааны болон сантехникийн шугамуудыг аюулгүй болгох, камержуулах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд энэ ажлыг хийх мөнгө санхүүг шийдэх хэрэгтэй байгаа тул танай байгууллага дүгнэлт үүрэг өгч бидний ажилд тусална уу” гэжээ.

 

-ХӨВСГӨЛ ГУРИЛ ТЭЖЭЭЛ” ХХК-НЫ ХАЯГДСАН ҮЙЛДВЭРТ ХОЁР ХҮН ОСОЛДОЖ
НАС БАРЖЭЭ-

“Хөвсгөл гурил тэжээл” ХХК-д өмнө нь хоёр хүн осолдож, нас барж байжээ. Байшин руу авирч тоглож байсан 16 настай охин унаж нас барсан бол өөр нэг хүн будаанд дарагдаж амиа алдсан байна.

Хэлсээр сануулсаар байхад, тухайн аймгийн удирдлагууд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд үйлдвэрийн аюултай обьектыг яагаад битүүмжилж, арга хэмжээ авсангүй вэ. Эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд ажлаа хийсэн бол, хүүхэд эндэх эрсдлийг арилгасан бол өнөөдөр гэм зэмгүй 14 настай хүү ижий аавдаа эсэн мэнд очих байлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *