|

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын компанийг Эмээлтийн махны асуудлаар шалгаж байна

Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар Баянгол зочид буудалд байрлах Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын компанид ЭЦА-аас шуурхай нэгжлэг хийж байна. Энэ тухай ЭЦА-аас дараах тайлбарыг өглөө.

“Мэргэжлийн хяналтын байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Эмээлт захад үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аж ахуй нэгжүүд дээр Зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Дээрх хяналт шалгалтын хүрээнд, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн тул Хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас нээж, хяналтыг УПЕГ-аас тухайн хэргийг ЭЦА-нд хүргүүлсэн. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй, хортой бодис агуулсан мах махан бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан байж болзошгүй гэж үзсэнээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ажиллаж байна.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэгдүгээрт хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх мах махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гаргасан уу, иргэдэд түгээгдсэн үү, экспортод гарсан уу, нянгийн бохирдол ихтэй мах нь ХКҮ компанийх уу, Эм Ди Си Пи ХХК компанийх уу гэдгийг шалгахаар ажиллаж байна. Мөн ХКҮ компани нь мах экспортлох зөвшөөрлөө Эм Ди Си Пи компанид ашиглуулсан уу, эсвэл зарсан уу гэдэг асуудлыг шалгахаар шалгалтын ажиллагаа явуулж байна. Эм Ди Си Пи компанийн үйлдвэрийн байрнаас ХКҮ компанийн хаяг шошготой их хэмжээний мах гарч ирснийг МХЕГ тогтоогоод лацадсан байгаа.  Энэ асуудалд прокурорын зөвшөөрлийн хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг дээр үзлэг нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх хэргийн хүрээнд ХКҮ, Эм Ди Си Пи компанийн удирдлагуудаас цагдаагийн байгууллагаас дуудаж, мэдүүлэг авч байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *