|

Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл тэргүүлж байна

Нийгмийн бодлогын байнгын хороонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр “ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ.

Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, 2021 онд 5981 бүртгэгдсэн бөгөөд зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушиг, гуурсан хоолойн хорт хавдар 7.5 хувь, улаан хоолойн хорт хавдар 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлсэн байна.

Хорт хавдрын өвчлөлөөр элэгний хорт хавдар нэгдүгээрт, ходоодны хорт хавдар хоёрдугаарт орж байгаа бол хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт элэг орж, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар удаалсан байна.

Дэлхийн улс орнуудад хорт хавдрын өвчлөл улам бүр ихсэх төлөвтэй байгаа боловч нас баралтын түвшин улс орон бүрийн авч буй арга хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байгаа. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11,647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө хэмээн тооцон таамаглажээ.

Жилд шинээр оношлогдож буй хорт хавдрын 72,4 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шат буюу төгс эмчлэгдэх боломж багассан үедээ оношлогдож байгаагаас нас баралтын түвшин өндөр байна” гэлээ.

2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн бөгөөд 55 хүүхэд нас баржээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 24,141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байгаагийн 456 нь хүүхдүүд байна.

ДЭМБ-аас хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлсэнээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь бууруулах боломжтой хэмээн зөвлөжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *