Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Красноярск мужийн ойн аж ахуйн сайд А.И.Панов болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа

ОХУ-ЫН КРАСНОЯРСК МУЖ ЖИЛД 20 САЯЫГ НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭВ
Уулзалтын эхэнд талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, тарьц, суулгац нийлүүлэлт болон ойн аж ахуй, мод үржүүлэг хийгээд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг өргөн сэдвээр санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газартай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Цаашид ч энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ ОХУ-ын ОХУ-ын Красноярск мужийн ойн аж ахуйн сайд А.И.Панов уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулахаар төлөвлөж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд буй.
“Тэрбум мод үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор “Тэрбум мод тарих газар нутгийн судалгааг хийж, стратеги, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийн бодит тооцооллыг гаргах” арга хэмжээг холбогдох яамтай хамтран хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасан.
Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах, удирдлага, менежментийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлаг болон бүсчилсэн ойн аж ахуйн төв байгуулах, тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ярьсан юм. Түүнчлэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн Красноярск мужийн Ойн аж ахуйн яамтай хамтран ажиллах тухай санамж бичгийн төслийг хүлээн авсан гээд, санамж бичгийг Ойн агентлаг байгуулагдмагц тус байгууллагатай байгуулах боломжтойг тэмдэглэв.
Түүнээс гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад модны үр нийлүүлэх, техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар талууд санал солилцож, хоёр улсын хил орчмын хотуудад нислэгтэй болгох, харилцан сурталчилгаа хийх, өдөрлөгүүд зохион байгуулах, мэдээллийн төвүүдийг байгуулах гэх мэт ажлуудыг хамтран зохион байгуулахаар санал нэгдсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *