“Эмээлтийн махны асуудлаар ХКҮ компани зэрэг таван байршилд нэгжлэг хийсэн”
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын компанид хийсэн нэгжлэгийн талаар ЭЦА-аас мэдээлэл хийж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:
“Өчигдөр Баянгол зочид буудалд хийсэн шалгалт болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө. Эмээлтэд байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн үйлдвэрийн байранд маханд химийн бодис хийж бэлтгэж байсан гэх мэдээллийн neguun.mn сайт анх мэдээлсэн. 2020 оны тавдугаар сарын 10-ны өдөр дээрх мэдээллүүд тавигдаж, мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн хэрэг нээж, СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн баруун дэнжийн тоотод байрлах мах боловсруулах үйлдвэрт хадгалагдаж байсан махнаас авсан дээжид шинжилгээ хийлгэн тавдугаар сарын 19-ны өдөр шинжилгээний дүн гаргуулсан.
Мэдээлэл анх гарсантай зэрэгцээд МХЕГ тухайн байгууллагын махнаас дээж авч, шинжилгээ хийлгэсэн. МХЕГ-аас тухайн асуудалд харъяаллын дагуу Зөрчлийн хэрэг нээгээд шалгагдаж байсан. Шинжилгээний дүнгээр тус маханд агуулагдах нянгийн тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, үйлдвэрт ашиглагдаж байсан хадгалах хугацаа дууссан, гарал үүсэл тодорхойгүй цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнээс бодис илэрснийг гэмт хэргийн шинжтэй гэж МХЕГ-аас үзсэн. Зургаадугаар сарын 2-ны өдөр нийслэлийн прокурын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 буюу Эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдах, түгээх 23.3 буюу Химийн хорт бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэх заалтаар тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж УЕПГ-аас ЭЦА-нд харъяалал тогтоон ирүүлснийг зургаадугаар сарын 7-д Хэрэг бүртгэлтийн хэргийг хүлээн авсан.
Мэдээлэл гарсны дагуу МХЕГ уг хэргийг Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгасан. Үүний дараа шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн шинжтэй хэмээн прокурын байгууллагад хэргийг шилжүүлсэн. Улмаар ЭЦА харъяаллын дагуу шалгах хүсэлт ирсэн. Иймд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Баянгол дүүрэгт хяналт, шалгалт явуулсан. Эм Ди Си Пи ХХК нь мах экспортод гаргах зөвшөөрөлгүй. Тус компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй хонь, ямааны 234,8 тонн мах байсан. Дулааны аргаар боловсруулсан ХКҮ ХХК-ийн хаяг шошготой 4842 хайрцагтай, 96 тонн мах илэрсэн. Хаяг шошгогүй ямааны мах 4492 тонн, ямааны шулсан мах 7964 кг, ямааны гулууз мах 380 ширхэг буюу 7.9 тонн, хонины гулууз мах 30 тонн байсныг анх МХЕГ-аас шалгаж битүүмжилсэн.
Битүүмжилсэн махыг цагдаагийн байгууллагаас дахин битүүмжилсэн. Махны хэмжээ лац өөрчлөгдөөгүй. Гадагшаа нийлүүлэгдээгүй. Мах экспортлох зөвшөөрөхгүй компанийн агуулахаас ХКҮ компанийн логотой мах гарч ирснийг шалгах ёстой асуудал гарч ирсэн. Тиймээс Эм Ди Си Пи ХХК-ын захирлын гэр, ажлын объекс, ХКҮ компанийн офис зэрэг таван газарт нэгжлэг хийсэн. ХКҮ компанийн эзэн иргэн Ц-ийн офис Баянгол зочид буудалд байрладаг. Прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийсэн. ХКҮ компанийн үйлдвэр Мах Импекс компанийн хашаанд байрладаг. ХКҮ компанид нэгжлэг хийхийн тулд Мах Импексийн хашаанд нэвтэрсэн. Түүнээс Мах Импекст шалгалт хийгээгүй.” гэв.
О.ЦОЛМОН