Манай улс дархлаажуулалтаараа дэлхийд 17 дугаарт жагсаж байна
3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлд 40 дархлаажуулалтын цэг, 74 баг, 13381 эмч ажилтан ажиллаж 13381 хүнийг вакинд хамруулжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 126449 иргэн буюу зорилтот иргэдийн 6 хувь дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм. Өнөөдөр 19793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй гэнэ.
Мөн дархлаажуулалтын төвшнөөр нь жагсаан авч үзвэл манай улс дэлхийн бусад орнуудаас 17 дугаарт жагсаж буй аж.
“Өдөрт 20000 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн ч хувь хүн, иргэний үүргээ ухамсарлахгүй байгаагаас болж ажил удааширч байна. Тиймээс төлөвлөгөөний дагуу, цагтаа ирж хамрагдах хэрэгтэй. Вакцин бол лангуун дээрх хиам биш учраас иргэд өөрсдөө дур мэдэн сонголт хийх боломжгүй. Харин биеийн байдал, хэв шинжийг харгалзан үзэж хийх ёстой” гэж Эрүүл Мэндийн Яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.
Одоогоор орон даяар нийт 446400 вакцины тун үлдсэн бөгөөд бүтэн буюу хоёр тунгаар тооцвол нийт 223200 гэсэн нөөцтэй байгаа ажээ. Иймд ард иргэд санаа зовох шаардлага байхгүй, вакцины хомсдолд орж, нөөц дуусна гэсэн ойлголт гарахгүй гэв.
ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ