18 иргэн, хуулийн этгээд санаачилгаараа хашаа, хайсаа чөлөөллөө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 376 байршлын 20.2 км урт хашаа, хайсыг чөлөөлж, иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл он гарснаас хойш 48 байршлын 1636 метр хашаа, хайсыг чөлөөлж, зөрчил арилгалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн таван байршил, Баянзүрх дүүргийн 26 байршил, Хан-Уул дүүргийн дөрвөн байршил, Чингэлтэй дүүргийн 10 байршил, Сүхбаатар дүүргийн гурван байршлыг хашаа, хайс чөлөөлөөд байна. Эдгээрээс 18 байршилд хамаарах хашаа, хайсыг эзэмшигч иргэн, хуулийн этгээд өөрсдийн хүсэлтээр чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

 

 

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур тур” ХХК-ийн  Ланд Марк оффис барилга эзэмшлийнхээ төмөр хашааг өнгөрсөн бямба гарагт буулгасан юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тавдугаар сарын 20-ны өдөр хашаа, хайс чөлөөлөх тухай шаардах хуудсыг тус байгууллагад хүргүүлсэн. “Натур тур” ХХК-ийн  удирдлагууд Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжин, өөрсдийн хөрөнгөөр төмөр хашаагаа буулгажээ. Энэ талаар “Натур тур” ХХК-ийн зүгээс “Бид Хотын даргын хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж, цэвэр, цэлгэр хотыг бий болгоход нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр хашаагаа буулгасан. Уг хашааг 2011 онд барьсан бөгөөд 150 метр урттай байсан. Төмөр хашааг буулгасан ч бетонон суурийг буулгаагүй орхисон. Бетонон суурь нь үерийн ус их хэмжээгээр орж ирэхээс хамгаалдаг тул хэсэгтээ суурийн хэсгийг буулгах боломжгүй байгаа” гэв.

Иргэн, аж ахуй нэгжүүд ийнхүү өөрсдийн санаачилгаар хашаа, хайсаа чөлөөлөн, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаад нийслэлийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийлж байгаа юм.

 

 

НИТХ-ын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг тогтоосон байдаг. Уг тогтоолыг үндэслэн  Нийслэлийн Засаг даргын А/585 дугаар захирамж 2022 оны дөрөвдүгээр сард гарсан. Уг захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх байршлыг баталсан. Захирамжийн хэрэгжилтийг хангахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар тэргүүтэй байгууллагууд ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *