З.Мэндсайхан: Хуванцар савыг хүнсний хэрэглээнээс халах хэрэгтэй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар, үйлчилгээний “Чиглэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: “Айл бүхэнд ус авдаг, сүү, айраг зөөдөг, хөх, цэнхэр, шар, цагаан хуванцар сав бий. Хоол хүнснийхээ орчноос халах ёстой энэхүү савны хэрэглээг хумиж байж бид хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, эрүүл Монгол хүний тухай ярина.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж үндэсний хөтөлбөр болгоод буй хэд хэдэн томоохон хөтөлбөрийн тэргүүнд “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн”, “Эх орны хөрсөнд ургуулсан эрүүл хүнс” зэрэг агуулга бий. Хоорондоо уялдаа холбоотой, нарийн нягт хамааралтай эдгээр хөтөлбөр, зорилт биелэхэд бүх төрлийн хүнсний сав, баглаа боодол стандартад нийцсэн байх нь чухал.” гэв.
Мөн “Чиглэл” ХХК-ийн хамт олон айл өрх бүрийн нийтлэг хэрэглэдэг хуванцар савыг халахын тулд 60-250 литрийн багтаамжтай суурин болон зөөврийн ган сав үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлжээ.