Нийслэлчүүдийг өнтэй өвөлжүүлэхийн тулд 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлжээ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн аравдугаар хуралдаан боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн дүн, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай хэлэлцлээ.

2021-2022 онд өвлийг өнтэй давахын тулд нийслэлд 998 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлжээ. Тодруулбал, эрчим хүчний эх үүсвэрийн 476, дулаан хангамжийн 34, цахилгаан хангамжийн 34, мэдээлэл холбооны 40, ус хангамжийн 38, орон сууцны 69, үерийн барилга байгууламжийн 4, зам тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалтын 98, боловсрол, эрүүл мэндийн 129, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 46 төсөл хэрэгжсэн байна. Өвөлжилтийн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулсан.

 

Өнгөрсөн өвлийн турш Улаанбаатар хотын хэмжээнд 7991.2 мянган Гкал дулаан, 5801.7 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж,  нийслэлчүүдийг ая тухтай, өнтэй сайхан өвөлжүүлжээ. Эрчим хүчний салбарт тэмдэглүүштэй нэгэн бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь Сэлбэ дэд төвийн 28 МВт-ийн дулааны станц гэдгийг онцолж байлаа. Ерөнхий төлөвлөгөөгөөр 7055 өрх, 25.400 хүн ам инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч, тэдгээрийг дулаанаар хангах үүрэг бүхий уг станц нь 2022 оны хоёрдугаар сард ашиглалтад ороод байгаа юм.

Анхаарал татсан газруудын нэг нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь Туул тосгон. Тэртээ 1964 онд байгуулсан тус тосгоны хувьд ус, дулааны хангамж, бохир усны шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгааг мөн үеэр тодотгосон. Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 350-400 сая төгрөг төсөвлөх шаардлагатай байгаа юм. Халаалтын болон уурын зуухыг халах зорилтын хүрээнд 2237 зуухыг цахилгаан, дулаанд холбох ажлыг зохион байгуулсан байна. Тэдгээр зуухыг цахилгаан халаалт болон шахмал түлшинд шилжүүлжээ. 381 халаалтын зуухыг бүрэн зогсоож, 82 зуухыг баяжуулсан нүүрс, 188 зуухыг сайжруулсан түлш хэрэглэдэг болгосон бол 84 зуухыг төвлөрсөн дулаанд, цахилгаанд 47 зуухыг шилжүүлсэн байна.

Цахилгаан, эрчим хүчний салбарын оргил ачаалал нь 2021 оны арванхоёрдугаар сарын 28-н байсан бөгөөд эл өдөр 921 МВт/ц цахилгаан үйлдвэрлэн түгээжээ. Энэ нь өмнөх оны оргил ачааллын өдрөөс 9.8 хувиар өссөн дүн төдийгүй эрчим хүчний хөнгөлөлттэй холбоотой гэнэ.

Нийслэлийн өвөлжилтөд онцгой нөлөөтэй бүс бол гэр хороолол. Гэр хороололд галлагаатай 163.742 зуух бий гэх тоо гарсан байна. Тэдгээрт өвлийн турш 381.544 тонн сайжруулсан түлш, 79.988 тонн мод болон аргал хөрзөн гэх мэт түлш түлжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2020-2022 онд 200 мянга гаруй өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулаад байна. Өнгөрсөн галлагааны улиралд  борлуулалтын 686 цэгээр 1.320.869 тонн сайжруулсан түлш борлуулжээ. Харин нөөцөд 34 мянган тонн сайжруулсан түлш байгаа юм.

Улаанбаатар хотод дулааны алдагдал ихтэй 1077 угсармал орон сууцны барилга байна. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан техникийн засвар шинэчлэлийг хийсэн. Мөн 59 орон сууцыг дулаалжээ. Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн хугацаанд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын автобусны буудлын явган гүүрэн гарцын лифтэнд нэмэлт халаагуур суурилуулсан нь иргэдийн талархал хүлээсэн ажил болсон. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн халтиргаа гулгааг арилгах, цэвэрлэх ажлын хүрээнд нийт 4098.2 тонн давс, 3863.8 тонн бодис нөөцөлснөөс 2323.7 тонн давс, 2133.7 тонн бодис зарцуулсан байна.

Зөвлөлийн гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

 

 

-Сайжруулсан шахмал түлшний 200 мянган тонн нөөц бүрдүүлэх үүргийг Засгийн газраас өгсөн. Гэтэл нөөц бүрдүүлэлт тун бүрхэг байна. “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн  үйлдвэр өнөө хэр горимын дагуу ажиллаагүй. Үйлдвэрүүд горимоороо ажиллаж, хэвийн хэмжээнд ажиллаж байж нөөцийг хангалттай бэлдэх юм. Тиймээс үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, нөөц бүрдүүлэлтэд анхаарах нь чухал байна гэсэн юм.

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй “Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлэх ажил ямар хэмжээнд байна вэ. Цацагч техник хэрэгслийг бэлтгэж байна уу” гэж асуулаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа:

 

-Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд манай компани 200 мянган тонн түлш үйлдвэрлэх, зүүн бүсийн үйлдвэрийг хэвийн ажиллуулах, баруун үйлдвэрийг нүүлгэх зэрэг ажлыг төлөвлөөд байна. Зүүн үйлдвэрийг долдугаар сардаа багтаан ажиллуулж эхэлнэ. Есдүгээр сарын 15-н гэхэд төлөвлөсөн түлшээ үйлдвэрлэх боломжтой. Харин тэр хэмжээний түлшийг нөөцлөх агуулах дутмаг байна. Одоогийн байдлаар мянган тонн түлш нөөцлөх боломж л байгаа. Агуулахын асуудал хүндрэлтэй байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

 

 

-Хот тохижилтын газарт цас, хур тунадас их орсон жилд 3000 тонн давс, бодис шаардлагатай байдаг. Өнгөрсөн онд харьцангуй бага хэмжээтэй хэрэглэсэн. Давс, бодис цацах 14 техник бий. Гэвч эдгээр машин маань насжилт өндөртэй, эвдрэл ихтэй. Тиймээс ирэх өвлөөс өмнө парк шинэчлэл хийх шаардлагатай.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Өнгөрсөн оны худалдан авах ажиллагааны хүрээнд авч амжаагүй бага хэмжээний давс, бодис бий. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалаад аж ахуйн нэгжүүд оруулж ирж амжаагүй. Энэ жилийн нийлүүлэлтийн тендерийг хараахан зарлаагүй байна. Борооны улиралд нийлүүлэлт хийх боломжгүй учир харзнаж байгаа.  Техник, тоног төхөөрөмж, машины хүрэлцээ тааруу байгаа нь үнэн. ОХУ-д үйлдвэрлэсэн хуучин техник учир шинэчлэх шаардлагатай.  Аж ахуйн нэгжүүд Хятад болон бусад орноос хэрэглэж байсан техник оруулж ирдэг. Судалгаа тооцоо гаргаад төсвийн тодотголд суулгасан гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

 

-Нийслэл хотыг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл ажлыг зуны сард ярьж эхэлж байгаа нь бэлтгэлээ сайтар базаах боломжийг олгож байна гэж харж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн байгууламжийн байгууллагууд амь нэгтэй ажиллахгүй бол болохгүй. Хариуцсан ажлуудаа нэгтгэн зангидаж, сэтгэл зүтгэл гарган, онцгой анхаарч ажиллах ёстой. Утаа униар, халтиргаа гулгаа гэхчлэн маш хүнд асуудлууд өвлийн улиралд дэгддэг. Тиймээс дулааны улирлыг ашиглан түлшээ бэлтгэх хэрэгтэй байна. Нам даралтын зуухнуудыг зогсоохоор зорьж байгаа. Тиймээс түлшний нөөц улам л хэрэгтэй болно. Зуны сар зургаа биш. Гэвч өмнө нь алдсан алдаагаа залруулж, сэтгэлтэй хандахад болохгүй зүйлгүй. Утаа, угаарыг дор хаяж 2020 оны түвшинд барих ёстой.

Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:

-Өмнөх жил сайжруулсан түлш нөөцлөхийн тулд агуулах түрээслэн ажиллаж байсан. Энэ жилийн хувьд тендер зарлаж, 11 байгууллага саналаа ирүүлсэн боловч хүчин чадал бага, 24 тонн түлш нөөцлөх боломжтой газрууд байгаа. Тиймээс ямартай ч агуулах түрээслэгчидтэйгээ гэрээ байгуулан түлшээ үйлдвэрлээд, нөөцлөөд явна. Одоогоор 34 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ жилээс Налайх дүүргийн 7191 айл өрх сайжруулсан шахмал түлш түлж эхэлнэ. Түлш бэлтгэл өмнөх жилээс нэмэгдэнэ гэсэн үг хэмээн өгүүллээ.

Өнгөрсөн оны өвөлжилтийн ажлын тайланг сонсож, өнгөрсөн өвлийн бэлтгэлийг хангалттай зохион байгуулсан хэмээн дүгнэсэн юм.  2022-2023 оны өвөлжилтийн  бэлтгэлийг эртнээс сайтар хангах нь зүйтэй гэж үзэн, Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *