Сүхбаатар аймагт 14000 га талбай шатжээ
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 17:35 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Булган сумын иргэд газар дээр нь шуурхай ажиллаж мөн өдрийн 23:20 цагт цурамд оруулж, 03.15-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Тус түймэрт 14000 га талбай шатжээ.
Хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймэр ихээр гарах эрсдэлтэй тул иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж, байгаль орчноо хайрлаж, хамгаалахыг уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ