Л.Энх-Амгалан: Засгийн газрын нэг том зорилт бол боловсролын реформ
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг авснаас хойш эхний ээлжид ковидын үеийн хичээлийн хоцрогдлыг арилгах тухайд онцгой анхаар байна. Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой. Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 26 хувь юм. Хэрвээ он дуустал хичээл сургуулийг нээхгүй бол бүтэн 2 жилийн хоцрогдол бий болно. Энэ Монголын ирээдүйд маш их хохиролтой болохыг Дэлхийн банкны хийсэн судалгаа сануулсан” гэлээ. Иймээс энэ ажилд хамтарч, дэмжиж ажиллахыг хүслээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ Засгийн газрын нэг том зорилт бол боловсролын реформ. Иймээс салбарын багц хуулиудыг удахгүй өргөн барьж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна гэлээ. Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарахаа мэдэгдлээ.
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх сүүлийн 2 жил Энэтхэг улсаас олгох тэтгэлэгийн тоо нэмэгдсэн болохыг дурдлаа. Мөн багш нарын англи хэлний хөтөлбөрийг эрчимжүүлэн, цахимаар хичээлийг оруулах боломжтой гэлээ. Үүнээс гадна Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн Монгол инженер, мэргэжилтнүүдийг сургах ажил амжилттай үргэлжилж байгааг тодотголоо.
ЭХ СУРВАЛЖ: МУИХ