БНАСАУ-ын удирдагч “Оросын өдөр”-ийг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгчид баяр хүргэжээ
Өчигдөр буюу Ням гараг нь Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа ОХУ-ыг зарлан тунхагласны ойн өдөр буюу “Оросын өдөр” (День России) байлаа.
Энэ өдрийг тус улсад 1992 оноос хойш жил бүр бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж иржээ.Уг ойн өдрийг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд баярын мэндчилгээ илгээсэн тухай Пёньянаас мэдээлсэн байна.
“Оросын ард түмэн янз бүрийн сорилт, бэрхшээлийг даван туулж, эх орныхоо нэр төр, аюулгүй байдлыг хамгаалах шударга ёсны тэмцэлд асар их амжилт гаргаж буй”-д Ким Жон Ун баяр хүргэжээ. Тэр бас Умард Солонгосын ард иргэд уг тэмцлийг “бүрэн дэмжиж, урам зориг өгч байгаа” гэдгийг захидалдаа онцолсон байна.
Дэлхийн олон улс орон ОХУ-ын Украинд явуулж буй дайныг зэмлэн буруушааж байгаа. Харин Пёньяны эрх баригчид уг дайныг буруутгахаас татгалзсан дэлхийн цөөн хэдэн улсын нэг юм.
Ким Жон Ун 2019 онд ОХУ-ын ерөнхийлөгчтэй анх удаа Владивосток хотод уулзаж байв.
Захидалдаа Ким Жон Ун “олон улсад шударга ёсыг тогтоох, дэлхий дахины энх тайван байдлыг хангах үйлсэд хамтран ажиллахаа” Путинд илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Yonhap News