Үрийн шингэнээс сармагчны цэцгийн вирус илэрчээ
Итали улсын эрдэмтэд сармагчны цэцэг туссан дөрвөн эрэгтэй хүнээс сорьц авч шинжлэхэд гурван хүний сорьцоос тус өвчний вирус илэрсэн байна. Судалгаанд оролцсон дөрвөн эрэгтэй ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд ордог байсан бөгөөд хоёр нь ХДХВ-ийн халдвар авсан аж. “Eurosurveillance” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаагаар бол өвчтөнүүдийн арьс, цус, сийвэн, баас, үрийн шингэн, хамар залгиураас авсан сорьц болон бэлэг эрхтэн, анус дээр гарсан шархнаас сармагчны цэцгийн вирус илэрчээ.
ДЭМБ өмнө нь сармагчны цэцэг өвчин бэлэг эрхтэн эсвэл анусны орчим үүссэн шархаар буюу бэлгийн замаар дамжиж байх магадлалтай хэмээн мэдээлж байсан. Одоогийн байдлаар 1300 гаруй тохиолдол тус өвчин эндемик болох Африкийн орнуудаас гадуур бүртгэгдээд байгаа юм. Европт хамгийн анх бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчний тохиолдлуудын хоёр нь ижил хүйстэн, бисексуал эрэгтэйчүүд байсан хэмээн “Associated Press” агентлаг мэдээлжээ. Тус хоёр тохиолдлыг ДЭМБ Европт болсон хоёр ижил хүйстнүүдийн арга хэмжээтэй холбосон юм. Судалгааг бичсэн эрдэмтэд “Бидний илрүүлсэн зүйлс халдваржилтыг тодорхой илтгэх баримт гэж үзэж болохгүй” гэж бичсэн байна.
Эх сурвалж: Times Now New, Eurosurveillance
Б.БУЯНДОРЖ