Япон эрдэмтэд робот хурууг бүрхэн хүний арьс ургуулжээ
Токиогийн их сургуулийн эрдэмтэд хүний арьсаар бүрхэгдсэн робот хуруу бүтээсэн байна. Тэдний зорилго бол хэзээ нэгэн өдөр жинхэнэ хүн шиг харагддаг робот хийх аж. Тус робот хурууг биогибридийн инженер Шожи Такэүчи бусад эрдэмтэдтэй хамтран бүтээсэн байна. Тэд хурууг арьсаар хучихын тулд коллаген болон хүний арьсны фибробласт эсийг ашиглажээ.
Хурууг коллаген болон фибробласт эсээс бүрдсэн уусмалд дүрсний дараа арьсны суурь хэсэг үүссэн байна. Үүний дараа хүний кератиноцит эс агуулсан уусмалд дүрэхэд арьсны гадна бүрхүүл бүрэлджээ. Хоёр долоо хоногийн дараа хэдэн миллиметр буюу хүний арьсны зузаантай арьсан бүрхүүл үүссэн аж. Тус арьс нь роботон хуруу нугалах хөдөлгөөн хийхэд сунасан байна. Мөн эрдэмтэд арьсыг зүсэн жижиг шарх үүсгээд дээр нь коллаген агуулсан боолт наахад хэдэн долоо хоногийн дотор тус боолт арьстай нэгдэж шарх аньсан аж. “MIT”-ын инженер Риу Раман тус бүтээлийн талаар “Маш сонирхолтой ажил болжээ. Энэхүү бүтээл нь тус салбарыг хөгжихөд чухал алхам болно” хэмээсэн байна.
Эх сурвалж: Science News
Б.БУЯНДОРЖ