Д. Тэрбишдагвын “Талд нуугдсан өлгий” номын нээлт амжилттай боллоо
Уг арга хэмжээнд БНСУ-н Үндэсний Ассемблейн дарга Ким Жин Пюу, Үндэсний Ассемблейн дэд дарга Ким Ён Жү, Үндэсний Ассемблейн гишүүн Солонгос-Монголын парламентийн бүлгийн дарга Ким Дү Гуан болон Монгол улсын УИХ гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б. Бат-Эрдэнэ, УИХ гишүүн, ТББХ-ны дарга, Монгол-Солонгосын парламентийн бүлгийн дарга Ж. Мөнхбат, Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Э.Сарантогос, БНСУ-д ажиллаж амьдардаг монголчуудын төлөөлөл, Монголыг сонирхогч солонгосчууд гэх мэт нийт 400 орчим хүн оролцлоо.
Баяр хүргэж, үг хэлсэн хүмүүс уг арга хэмжээг “хоёр орны найрамдалт харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөл, парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо” хэмээн дүгнэж байлаа. БНСУ-н Ассемблейн ордонд Монгол эх орноо сурталчилсан энэхүү номын нээлтээр төрийн дуулал эгшилсэн нь содон тохиолдол боллоо. Уг нь ном нь герман, солонгос хэлээр орчуулагдан хэвлэгдэн гарч буй нь гадаадад эх орноо сурталчилан танилцуулах бодит бүтээл болж байгаагаараа онцлог юм. Номын нээлтийн үеэр БНСУ-н Үндэсний Ассемблейн дарга Ким Жин Пюү хэлсэн үгэндээ “манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 32 жил болж байна. Цаашид хоёр улсын харилцаа улам ойртон бэхжих болно” гэлээ.
Монгол улсын шадар сайд асан Д.Тэрбишдагва хүрэлцэн ирсэн зочдод хандан номтой маань танилцан Монгол улсад аялахыг уриалхад хүмүүс алга ташин хүлээж авав. Тэрээр “дэлхийн их түүхийн өлгий Монголын талаар өөр улсын зохиолчид, түүхчдийн бичсэн ном зохиол олон байдаг. Гэхдээ монгол хүний зүрх сэтгэлээр бичсэн ном зохиол байдаггүйтэй адил. Тиймээс би номоо монгол сэтгэл, сэтгэхүйгээр бичин туурвилаа. Олон жилийн мөрөөдөл биелж байгаад баярлаж байна” гэлээ. Д.Тэрбишдагва арга хэмжээнд хүрэлцэн ирсэн монголчууддаа номынхоо дээжийг бэлэг болгон гардуулан өгснөөр арга хэмжээ өндөрлөлөө.