Британийн арлууд дахь бүх амьтдын геномын дарааллыг тогтоох ажлыг эхлүүлжээ
2030 оны эцэс гэхэд “Дарвины амьдралын мод” төслийн багийн судлаачид Их Британи, Ирландад амьдардаг 70.000 төрөл зүйлийн ургамал, амьтан, мөөг гэх мэт бүх организмын ДНХ-ийн дарааллын гаргах асар том төлөвлөгөө боловсруулжээ. Энэхүү судалгааг хийж байгаа зорилго нь антибиотик, ургамал болон амьтны гаралтай эмийн бүтээгдэхүүнийг гаргаж авах, биологийн олон янз байдлын тухай илүү нарийн мэдээлэлтэй болох юм.
Төслийн багийнхан Кэмбрижэд байрлах “Wellcome Sanger Institute”-д судалгааны ажлаа хийж байгаа бөгөөд арлуудаас дээж ирмэгц модны навч ч бай, амьтнаас авсан цус ч бай тухайн организмыг жинлэж, шингэн азотоор хөлдөөж, эцэст нь нунтаг болгон нунтагладаг байна. Ингэснээр ДНХ-г гаргаж авч, геномыг дараалуулж болно. Судалгааны ажлын ач холбогдол нь төрөл зүйл хоорондоо хэрхэн холбогдож байгааг харуулж, тэдгээрийн ижил төстэй, эсвэл эсрэгээрээ ялгаатай байдал нь хаана байгааг харуулах ёстой аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ