МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касайг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын төр, засгийн зүгээс “Ковид-19” цар тахлын үеэр түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасныг онцоллоо.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор “Тэрбум мод”, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, архи, согтууруулах ундааны соёлтой хэрэглээг төлөвшүүлэх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа тухай товч танилцуулав.

Хөрсний доройтлыг бууруулснаар хүнсний чанар сайжирч, энэ хэрээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилт үр дүнгээ өгнө гэж үздэгээ хэлэв. Мөн үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ДЭМБ-тай бүх талаар хамтран ажиллана гэдгээ Ерөнхийлөгч хэллээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд ДЭМБ-ын зорилтуудтай нягт уялдаж буй бөгөөд бүс нутгийн болон гишүүн орнуудад туршлага болохуйц ажил болж байгааг тэмдэглэв.

Цаашид энэ чиглэлд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *