Малын хивэг тэжээлийн үнэ 10.9 хувиар буурчээ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хувийн хэвшлүүдтэй хамтрах замаар малын тэжээл импортлох “Бодлогын гэрээ” байгуулсан билээ. Энэ гэрээний дагуу 83 аж ахуй нэгжтэй 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд 133.0 мянган тонн малын тэжээл импортлох юм байна. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 63 аж ахуйн нэгж нийт 43.7 мянган тонн бүх төрлийн тэжээл импортолжээ. Энэ нь төлөвлөсөн тэжээлийн 32.9 хувь ажээ.

Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд дунджаар нэг тонн хивгийг 640.000 төгрөг буюу 25 кг шуудайтайг 16.000 төгрөгөөр, нэг тонн хорголжин тэжээлийг 660.000 төгрөг буюу 40 кг  шуудайтайг  26.400 төгрөгөөр, нэг тонн овьёосыг 743.750 төгрөг буюу 40 кг шуудайтайг 29.750 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 4-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивгийн дундаж үнэ 19 465 төгрөг байсан бол тэжээл импортолсноос хойш буюу 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 17965 төгрөг болсон нь өмнөхөөс 8 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 3 дугаар сарын 11-ний байдлаар 16000 төгрөг  буюу  1 дүгээр сарын үнээс 10.9 хувиар буурчээ.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтуудаар тэжээлийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу импортолж эхэлсэн байна. Тус боомтоор 3000 тонн тэжээл импортлохоор 6 аж ахуйн нэгж яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан. Өнөөгийн байдлаар тэжээл импортлох, борлуулах үйл ажиллагаа хэвийн, үнэ буурч, нийлүүлэлт тогтвортой байгаа бөгөөд импортлогч аж ахуйн нэгжүүдэд тэжээлийн нөөц хуримтлагдсан байдалтай байна. Ингэснээр баруун аймгуудын тэжээлийн үнэ буурч, хангамж нэмэгдэх боломж бүрджээ. 

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *