Богдхан ууланд хууль бусаар газар олгосон албан тушаалтныг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 6 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн нийт 647 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 629 хэрэг шалгагдаж байна.
- Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны харьяа Богд-хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн “М” нь хяналт шалгалтын ажиллагаа явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд компанийн хувьцаа эзэмшигч “Э”-с хээл хахууль авсан. Аялагч түр буудаллах, отголох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд хүргүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Б.ЖАРГАЛ