Эрүүл саруул хүү унтуулгын эмчийн буруугаас болж дөрвөн мөчний саажилттай болов

Эмнэлгийн буруутай үйл ажиллагаа, эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн олгойн хагалгаанд орсон хүүхэд саажилттай болсон тухай бид өмнө хүргэсэн. Хүүхдийн ар гэрээс хэвлэлийн бага хурал зарлаж, ийн ярьж байв. Хүүгийн аав:

“Эмч нарын хариуцлагагүй байдлаас бол хүү минь таталттай,  саажилттай болчихлоо. Сумын болон аймгийн эмчид үзүүлж 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр хүүгээ мухар олгойн хагалгаанд оруулсан. Гэвч эмч нар ар гэрт нь мэдэгдэхгүйгээр нугаснаас нь хоёр удаа ус авч, хоёр өөр бодисыг хавсарч тарьснаас болоод хүүгийн минь тархины эд эсүүд гэмтэж, таталт саажилттай болсон. Эмчийн буруугаас болсон дүгнэлт гарсан хэр нь бидэнд үүнийг менингококк халдвараар тархи нь гэмтсэн гэж ярьсан. Тэр ч бүү хэл сүрьеэгийн халдвартай гэж хэлсэн. Маш их гомдолтой байна” гэсэн юм.

Гэтэл уг асуудлын буруутан хариуцлагаа хүлээгээгүй бөгөөд бурууг өөрсдөөсөө түлхсээр гурван жил болж байна. Хөөрхий хүү дөрвөн мөчний саажилт, таталттай болж хар нялхаараа хүний асаргаанд орж, хэцүү бэрхийг сөрж явна. Эмчийн хариуцлагагүй, хэнэггүй байдлаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон бяцхан хүүхдүүд, иргэдийн цуваа үргэлжилсээр…

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *