Ч.Даваабаярыг Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр томилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, дотоодын үйлдвэрлэгчид, ААН-үүдийн үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт танилцаж тэдэнд тулгамдаж буй асуудал, санал бодлыг сонссон.
Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг хариуцсан ажлын алба байгуулагдаад буй. Уг ажлын албыг “Баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Ч.Даваабаяр ахалж ажиллах бөгөөд Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр томилогдсон байна.
Тэрбээр ХХААХҮЯ Хөдөлмөрийн сайдын зөвлөх, Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийн ажлын хэсгийн дэд дарга, УИХ-ын дэд даргын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан юм.
“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм. Төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой. Ингэснээр бид улс орон, ард түмнээрээ амжилтад хүрнэ. Эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг байх”-ыг Төрийн тэргүүн уриалаад байгаа билээ.