“Тоглоомын түүх” цувралын гол дүр Баззын тухай “Lightyear” киног 14 улсад гаргахыг хоригложээ
“Walt Disney” болон “Pixar” студийн хамтын бүтээл “Тоглоомын түүх” цувралын гол дүр Баззын өмнөх амьдралын тухай өгүүлэх “Lightyear” киног БНХАУ, Египет, Индонез, Малайз, Ливан гэх мэт Азийн 14 улс кино театруудаар гаргахыг хоригложээ. Учир нь уг кинон дээр Баззын дотнын эмэгтэй найз нь эмэгтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоон гэрлэж хэдхэн секундэд тэд үнсэлцдэг хэсэг байгаа аж.
“Lightyear” киноны продюсер “Reuters” агентлагт ярилцлага өгөх үедээ “Хятадын талаас киноны тухайн хэсгийг хасвал хориглохгүй гэсэн боловч Walt Disney студи татгалзсан бөгөөд тэнд нээлтээ бараг хийхгүй байх аа” гэжээ. Харин Арабын Нэгдсэн Эмират улсад хэвлэл мэдээллийн контентийн стандартыг нь зөрчсөн учраас боломжгүй хэмээжээ. Мөн Ойрх Дорнодын ихэнх улс орнуудад ижил хүйстнүүдийг гэмт хэрэгтэн гэж тооцдог. Гэсэн хэдий ч АНУ, Канад зэрэг орнуудад тус хүүхэлдэйн кино өчигдөр (2022.06.17) нээлтээ хийсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ