|

Хохирогч М: Зодуулсанаас болоод баруун чихээр хатгуулж, нүдний хараа муудсан

Энэ сарын 20-ны цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож, танхайрч буй бичлэг  түгээд буй. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна байрлах Хүүхдийн тоглоомын талбайд 16 нас Б, Г нар нь найз охинтой мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай “М”-г бүлгэн зодож танхайрсан хэрэг гарсан. Улмаар уг үйлдэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж шинжилгээ хийлгэн, холбогдогч нарыг эрэн сурвалжилт зарлан олж тогтоон мэдүүлэг авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

 Энэ талаар хохирогчийн хүүгээс тодрууллаа.

-Ямар шалтгаанаар тэр хүүхдүүд чамайг зодсон бэ?

-Тэр хүүхдүүдтэй өмнө нь уулзаж байгаагүй, огт танихгүй. Найзтайгаа уулзаад сууж байхад хэдэн хөвгүүд ирээд “чи манай найзтай үерхсэн” гэх шалтгаанаар намайг зодсон.

-Тэр хүүхдүүдийн найзтай нь үерхсэн юм уу?

-Үгүй ээ. Зүгээр тэр бичлэг дээр гарсан цэнхэр курткатай охинтой фейсбүүкээр харилцаж байсан. Би тэр охинтой үерхээгүй байхад тэр хүүхдүүд намайг “чи үерхсэн” гэж гүтгэж, зодсон. Тэр охин найзуудаа дуудсан юм шиг байна лээ. Уулзах гэж очоод зодуулсан.

-Зодуулсанаас хойш гурван сар өнгөрсөн байна. Эгчтэй нь холбогдож асуухад дүүгээ зодуулсан гэдгийг цахим сүлжээн дэх бичлэгийг үзээд мэдсэн гэж байсан. Яагаад тухайн үед гэрийнхэндээ хэлээгүй юм бэ?

-Би өмнө нь цагдаа шүүх гэж явж үзээгүй болохоор ар гэрийнхэндээ төвөг болохыг хүсээгүй. Тийм болохоор хэлэхгүй нууцалсан.

-Бичлэг дээр чиний толгой руу их хүчтэй хэд хэд цохиж байгаа харагдсан. Хэр гэмтэл авсан бэ? Гурван сарын дараа шүүх эмнэлгээр явахаар тухайн үеийн бэртэл гэмтэл нь хэр мэдэгдэж байна вэ?

-Одоо шүүх эмнэлгээр явахаар бараг хэвийн л гэж байна лээ. Тухайн үедээ бол дөрөв тав хоног толгой өвдөж, халуурсан, баруун чих хатгаж өвддөг болсон. Бас зүүн нүдний хараа муудсан. Өөр мэдэгдэх зовуурь байхгүй.

-Цахим сүлжээнд тус бичлэг тавигдсанаас хойш чамайг зодсон хүүхэд чамтай холбогдсон уу? 

-Надтай холбогдоогүй. Харин шинэ фейсбүүк хаяг нээгээд намайг “найз охиныг нь жирэмсэн болгосон” гэж худал мэдээлэл гудамжны зодоон гэж группэд тавьсан байсан. Миний сэтгэл санаа одоо маш хүнд байна. Тайван гадуур явж чадахгүй байна. Намайг дэмжиж байгаа хүмүүст баярлалаа.

А.ЭНХЖИН

Similar Posts

One Comment

  1. Зэрлэг балмад хүүхдүүдийг өрөвдөж болохгүй. Хүнийг насан турш гэмтэлтэй болголоо. Үнэхээр харамсалтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *