Хүний аминд хүрсэн ч хэргээс хуурай гардаг “Эко констракшн”
Хан-Уул дүүргийн 17-р хороо Маршал таун хотхон дотор шинээр баригдаж байсан барилга дээрээс өчигдөр /2022.06.23/15:00 цагийн орчим нэг ажилтан өндрөөс унаж амиа алдлаа.
Тодруулбал “Маршал таун” хотхоны баригдаж байсан барилгын 6 давхраас хоёр ажилтан унаж, 37 настай эрэгтэй газар дээрээ амиа алдаж, нэг нь хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн байдаг. Тус барилгыг “Эко констракшн” компанийн захиалгаар “Луу хүрд” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байсан юм. Хэргийг өдгөө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээг хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.
Талийгаачийн ар гэрээс хэлэхдээ: Бид осол болсны дараа хамаг хурдаараа ирсэн боловч бид гадаа нь 4 цаг орчим хүлээсэн. Барилгын талбай эл хуль, ажилчид биднийг байгааг ч мэдээгүй байх. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан энд байхгүй. Талбайн инженер л бүгдийг хардаг юм шиг байгаа юм. Ослын газарт хамгаалалт бэхэлгээ байхгүй. дөрвөн давхар шат тавьж, ажилчдыг дөрвөн зэрэг ажиллуулж байсан. Дээр нь энд тэнд саравгар утаснууд цухуйсан. Ажлаа л хурдан дуусгах гэж аюулгүй ажиллагаа баримтлалгүй хүний аминд хүрлээ. Хэд хэдэн өмгөөлөгчид холбогдож өмгөөлөл үзүүлэхээ хэлсэн. Хэн ч харсан аюулгүй байдал хангаагүй нь ил. Эхний ээлжинд эхнэрийг нь хохирогчоор тогтоогоод, ар гэрийнхнээс гэрчийн мэдүүлэг авсан” гэв.
Олон сууцны барилга барьж, ашиглалтад оруулдаг ч чанар, аюул байдал хангаагүй шалтгаанаар иргэдийн сэтгэлд тэр бүр нийцдэггүй компани бол “Эко констракшн”. Урьд нь хэд хэдэн барилгад нь хүний амь хохирсон шалтгаанаар хуулийн байгууллагаас компанийн удирдлагуудыг шалгаж байв. 2018 оны хавар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тус компанийн барьж байсан барилгад мөн л хүний амь үрэгдэж байсан юм. Тодруулбал 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд дээрх хорооны нутагт “Эко констракшн”-ы барьж буй “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчин О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэг гарсан билээ.
Уг ослоос төд удалгүй мөн л тухайн барилгаас юм унаж, доор явж байсан ажилчныг цохиж гэмтээсэн. Хэд хэдэн удаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, хүний амь, эрүүл мэндийг хохироосон осол удаа дараа гаргасан шалтгаанаар “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа, дэд захирал, хөдөлмөр хамгааллын ажилтнуудыг татан шалгасан ч, С.Нямдавааг хэргээс хуурай гарч байв. Тиймээс ч хохирогчийн ар гэрээс энэ удаагийн асуудалд мэргэжлийн өмгөөлөгч авч, тухайн компанид хууль ёсны хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн юм. Бид ХАБЭА-н сургагч багш, МУ-ын Зөвлөх инженер Ч.Чинзоригтой ярилцсан.
Тэрбээр хэлэхдээ: “Барилга бүрт талбайн инженер, ХАБЭА-н ажилтан байх ёстой. Байхгүйгээс харамсалтай осол бүртгэгдсээр байна. Осол гарахад олон хүчин зүйл нөлөөлнө. Гэвч сэргийлэх бүрэн боломжтой. Хүний амь хохирсон осод ХАБЭХ-н инженер, тухайн компанийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой.” гэсэн юм.
Хуулиас гадуур “Эко констракшн” энэ удаагийн хэрэгтээ ч мөн жижиг албан тушаалтнуудаараа туг тахиж, уснаас хуурай гарах уу.