“Хар авдар”-ын нээлтэд хөл алдсан гийчид
Хэдхэн хоногийн өмнө “Хар авдар” хэмээх түүхэн зөгнөлт номын нээлтийн нижгэр ёслол Тусгаар тогтнолын ордонд болжээ. Зохиогч нь Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг. Түүний хувьд өмнө нь “Зүрхэнд дуссан нулимс”, “Цагийн хүрдэн”, “Сэтгэлд жаргасан нар” зэрэг түүхэн тууж, “Чингис хааны дайтахуйн ухаан ба Орчин үеийн байгууллагын менежментийн бодлого” “Хүчирхэг удирдагч байх ухаан” хэмээх 5 ном хэвлүүлсэн аж.
Энэ удаа хэвлүүлсэн “Хар авдар” түүхэн зөгнөлт зохиол нь цэвэр сэтгэмжийн хэв шинжтэй бөгөөд тэс ондоо агуулгатай олон бүлэг, хэсгүүдэд хувааж бичжээ. Мөн сэтгүүл зүйн нийтлэлийн илэрхийлэл ч уг номонд шингэсэн гэнэ.
МАН-ын төв байр, Тусгаар тогтнолын ордны хүндэтгэлийн танхимд болсон номын нээлтэд МАН-ын нэр нөлөө бүхий улстөрчид, тэр дундаа олон нийтийн үйл ажиллагаанд төдийлөн харагдахаа больсон хатагтай нар цугласан байв. Тэдний дунд өнгөрсөн 4 жил парламентад тухалсан, сайдын суудалд заларч явсан эрхмээс эхлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх Д.Оюунхорол ч саатжээ.
Номын зохиогч Д.Оюунбилэг нь МАН-ыг “түшсэн” залуу үеийн эмэгтэйчүүдийн нэг бөгөөд энэ ч утгаараа Хүүхдийн урлан бүтээх захирлын албан тушаалд томилогдсон нэгэн. Харин түүний нөхөр С.Лүндэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажилладаг бөгөөд эхнэрийнхээ номын нээлтэд чухал рольтой оролцож харагдав.
Нэрт эрдэмтдийн олон арван жилийн хөдөлмөрөө шингээсэн бүтээлээ хэвлүүлэх гэхээр мөнгө олдохгүй, хэвлүүлсний дараа томчууд нь тоож морилохгүй нь үнэн. Харин Ерөнхийлөгчийн зөвлөхийн эхнэр бол өөр. Улстөрд түүнээс ч хол зам туулсан эрхмүүд “Урнаа даргаа” гэж ирээд л наалдан хөл алдацгааж, найрыг илүү зиндаархаг, “тансаг” болгоно…
С.ОТГОН
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?