Түүхэн цаг мөчлөг тохиож байна
Үндсэн хууль бол аливаа улс орны төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, үзэл баримтлалыг тодорхойлсон, үндсэн зарчмууд нь өөрчлөгдөшгүй баримт бичиг юм. Үйлчлэх хүрээ нь хүний ба нийгмийн бүх харилцааг хамарна. Бусад бүхий л хууль, тогтоол, захирамж, журам нь Үндсэн хуулийн хүрээнд л багтана. Улс орон болгонд Үндсэн хуулиа зөрчсөн ямар ч үзэл баримтлал, жижигхэн дүрмийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх бол ард иргэд нийтээрээ орон даяар хэлэлцэн хийдэг түүхэн үйл явдал билээ.
Их засаг хууль бол Монгол улсыг Үндсэн хуулийн эртний түүхтэй болгодог эх сурвалж. Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад улсаа Эзэн хааны бүрэн эрхэд биш Их Засаг хуулийн зүйл заалтын дор удирдаж эхэлсэн юм. Энэ цагаас эхлэн монголчууд “Хуулийн дээр хөх тэнгэр л бий” хэмээн хэлэлцэж ирсэн уламжлалтай. Энэ үг нь хүн, нийгмийн бүхий л харилцаа зөвхөн хуульд үг дуугүй захирагдах ёстой гэсэн хоёргүй утгыг агуулжээ.
Тэгвэл хууль өөрөө алдаа мадаггүй, шударга, тухайн цаг үеэсээ хоцроогүй, нийгмийн харилцаанд тохиож буй бүхий л юмс үзэгдлийг зохицуулах чадамжийг агуулсан, хуулиар заагдах учиртай хүний үндсэн хэрэгцээ буюу “хүний эрх”-ийг сайтар хангаж чадсан зэрэг шаардлагыг хангасан байх учиртай.
Энэ 2022 онд яригдаж буй Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл болгон хийх нь зүйтэй гэж эрдэмтэн, судлаачид үзлээ. Энэ хүрээнд юу яригдаж байгааг, зарчмын ямар өөрчлөлтүүд гарч болохыг, мөн хүмүүсийн үзэл бодол ямар байгааг, хүний эрх, ардчилал хэрхэн батжиж чадах вэ гэх мэт мэдээллийг энэхүү сэтгүүлд бүрэн багтаахыг хичээв.