СУРВАЛЖИЛГА: “Хүүхдийн мөнгө буусан өдөр дэлгүүрийн үүдэнд архичид шавчихдаг”

Хүүхдийн мөнгийг сар бүр тогтмол олгосноор хүүхэдтэй өрхүүд баталгаат орлоготой болж, хэрэглээгээ төлөвлөх, зохицуулах боломжийг олгодог аж. 2020 он хүртэл хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож байсан билээ. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас цар тахлаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн хямралыг сэргэхийн тулд төрөөс хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн.

Гэтэл хүүхдийн гэх тодотголтой энэ мөнгө хэний халаас руу орж, юунд зарцуулагдаж байгааг энэ удаагийнхаа сурвалжилгаар хүргэхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гурван мэргэжилтэнтэй хамт гарлаа.

ИРГЭН Э: ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХДЭДЭЭ Л ЗОРИУЛДАГ ДАА

“Хичээл нь амарчихсан гэртээ байхаар хүүхдүүд амны зугаа, амттан чихэр гээд хөргөгчнөөс төрсөн юм шиг хөргөгчнөөс салахгүй юм. Сая буусан хүүхдийн мөнгөөр хөргөгчөө дүүргэсэн. Хичээл нь ордог байхад халаасны мөнгө гээд хүүхдийн мөнгийг нь долоо хоногт 25, 25 мянгаар нь хуваагаад дөрвөн долоо хоног өгчихдөг байсан. Төрөөс хүүхдэд өгч байгаа мөнгийг хүүхдэдээ л зориулдаг даа. Нөхөр бид хоёр хоёулаа тогтсон ажилтай, орлоготой болохоор хүүхдийнхээ мөнгөнд гар хүрдэггүй /инээв/”

 

 

ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ Н: ХҮҮХДИЙН МӨНГӨ БУУСАН ӨДӨР ҮҮДЭЭР АРХИЧИД ШАВЧИХДАГ

“Хүүхдийн мөнгө буух өдөр манай дэлгүүрийн үүдийг сахиад хэдэн архичид суучихдаг. Тэр өдрөө орлого ч сайтай байна. Өмнө тавьсан өр зээлээ төлнө. Одоо энэ надад байгаа иргэний үнэмлэхүүдийг хар лдаа. Нуулгүй хэлэхэд ихэнх нь хүүхдийн “мөнгө буухаар төлчихнө” эгчээ гээд үнэмлэхээ барьцаалаад архи, пиво аваад гарсан залуучууд байна.

Уучихаад гэртээ ороод чимээгүй л унтдаг байгаасай. Агсан согтуу тавиад хэцүү байдаг бол уу гэж хааяа хойноос нь харж суудаг л юм. Гэхдээ нэг муу мухлагийн худалдагч би ингэж шаналахын оронд төр засагт байгаа хэд л архи худалдаалах зөвшөөрөл, хуульдаа анхаармаар. гэхдээ бас тэгж хамаагүй их юм ярьж болохгүй. Дэлгүүрийн ашиг олдог гол бараа нь архи, тамхи шүү дээ”

 

 

ИРГЭН О: ХҮҮХДИЙН МӨНГӨ АМЬДРАЛД ИХ НЭМЭР БОЛДОГ

/Гурван хүүхэдтэй ээж/

“Нөхөр маань жилийн өмнө элэгний цирроз /хатуурал/ нь хүнд шатандаа орж хорт хавдартай болсон. Одоо бие нь тааруу гэртээ арван настай, гурван настай хоёр хүүхдээ хардаг. Би хорооны ажилтнаас ажил олж өгөхийг гуйж байгаад саяхан ашиглалтад орсон орон сууцны жижүүрээр ажиллаж байгаа. Сардаа 500 мянган төгрөгийн цалинтай. Дээр нь нэмээд нөхрийн группийн мөнгө, хүүхдийн мөнгө гээд сардаа манайх 800-900 мянган төгрөгийн орлоготой. Орлого нь дөрвөн ам бүлд хүрэлцэхгүй.  Нөхрийн маань эм, тариа их үнэтэй. Харсаар байж үхүүлэлтэй биш чадлаараа л эм, тариаг нь авна. Хоёр хүүхдийн маань мөнгө амьдралд их нэмэр болж байгаа.

Манайх шиг олон айл бий. Хүүхдийн мөнгийг олгохоо болино эсвэл 50 хувийг нь өгнө гээд л янз янзын мэдээ дуулдах юм. Айх юм байна шдээ. Ямар азаар хүүхдийн мөнгө гэж олгож эхэлсэн юм бэ”

 

 

ИРГЭН О: ЗЭЭ НАРЫНХАА МӨНГӨӨР АМЬ ЗОГООЖ БАЙНА

/Өндөр настан/

“Манайх ам бүл долоо. Охин маань Нарантуул захын хоолны газарт үйлчлэгч хийдэг. Өглөө есөн цагаас шөнө хоёр, гурван цаг хүртэл ажиллаад өдрийн 50 мянган төгрөгийн орлоготой. Гэхдээ орлого нь тогтмол биш. Би тэтгэврийн хүн болохоор өөрийнхөө эм, хэрэглээний мөнгөнөөс шалихгүй хэдэн төгрөг сар бүр авна. Охины маань 6-15 насны таван хүүхэд байна. Зээ нарынхаа хүүхдийн мөнгөөр л амь зогоож байна даа”

 

 

 

Ж.ХАЛИУН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *