ЭЕШ-ын материалын дүнг буруу бодсон гэх 200 гаруй сурагч БҮТ-д ханджээ
Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Гэвч шалгалтын материал задарсан, цаашлаад цаанаас тарааж өгсөн харандаа хугарах, баллуур бүрэн баллахгүй байсан шалтгаанаар олон хүүхдүүд хугацаа алдсан нь шалгалтын чанарт нөлөөлсөн хэмээн олон сурагчид гомдолтой байна. Уг асуудлаар БҮТ-ээс дараах тайлбарыг өгөв.
“ЭЕШ-т 36.253 хүүхэд бүртгэлээ баталгаажуулж, шалгалтад оролцсон. БҮТ-ээс бүх хичээлийн шалгалтын дүн, баазаа нэгтгэх Их, дээд сургуулиуд руу хүргэх ажлыг зохион байгуулж буй. БҮТ-ийн цахим хаягт бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ЭЕШ-ын батламж хуудсаа хэвлэж авах боломжийг бүрдүүлсэн. Шалгалтын дүрэм зөрчсөн хэд хэдэн зөрчил гарсан. Тэдгээрийг тухайн үед нь журмын дагуу шийдэж, холбогдох хүмүүст хариуцлага тооцоод явсан. Шалгалтын үеэр харандаа, баллууртай холбоотой гомдлууд хэд хэд гарсан. БҮТ-өөс шалгалтын материал шууд засах шилэн технологийг нэвтрүүлсэн. Тухайн шалгуулагчид шалгалтын материалаа бөглөж дууссанаас тест засагч электрон төхөөрөмжөөр 10 минутын дотор хариуг мэдэх боломж бүрдсэн. Тухайн машинаар шалгалтын материал засуулахад зориулалтын харандаагаар материалыг бөглөсөн байх шаардлагатай. Бүх шалгуулагчид зориулалтын шинэ харандаа, баллуур, үзүүрлэгчийг тарааж өгсөн. Ямар нэгэн асуудал гараагүй, байхгүй. Харандааны мөрийг арилгахад багахан ул мөр үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч цаасыг илт цохолж, цоолоогүй бол машин хариуг зөв гаргана. Бүх хүүхдийн датанд шинжилгээ хийж өгсөн. Харандаагаар тод бүдэг байгаагаас шалтгаалж машин алдаа гаргасан эсэхийг шалгасан. Ийм асуудал гараагүй. Хэрэв асуудалтай гэж үзсэн бол гомдолтой хүүхдүүд БҮТ-д бичгээр гомдол гаргаад, материалыг гараар засах хэрэгтэй. Гомдолтой гэсэн 200 гаруй хүүхэд байгаа” гэв.