Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн зөрчилгүй болох нь нотлогдов
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан зургадугаар сарын 27-ны өдөр болж, “2012 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзсэн, 2016 оны тогтоолоо хүчингүй болголоо.
Энэ нь УИХ цаашид сонгуулийн тогтолцоогоо сонгох хуульчлах шинэ боломж бөгөөд өдгөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд холимог тогтолцоог албан ёсоор эцэслэн хуульчлах санал яригдаж буй. Иймд эндээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “УИХ-ын сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулна” гэж тусгах нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй бололтой.
Учир нь, Үндсэн хуулийн 64.1 зүйлд “Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа” хэмээн заасан байдаг юм.