БНСУ-ын Жэжү арал руу аялахаар явсан 23 монгол иргэн “харлах”-аар үлджээ
БНСУ-ын Засгийн газар Жэжү, Яньяны олон улсын нисэх буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэр гаргаж, зургадугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Жуулчдад зориулсан дээрх нөхцөл боломжийг ашиглан зургаадугаар сарын 22-ны өдөр дөрвөн шөнө таван өдрийн аяллаар БНСУ-ын Жэжү арал руу аялсан 126 Монгол иргэний 23 нь онгоцондоо суулгүй, сураггүй алга болжээ.
Энэ талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Аялагчдын 101 нь Монгол руу буцаад байна.
Сураггүй болсон иргэд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул долдугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгалах боломж байгаа аж.
Хэрэв 7 сарын 21-ны өдрөөс өмнө буцахгүй бол хууль бусаар оршин суугч болж хувирах юм.
Хэрвээ эдгээр иргэд хууль бус болон үлдсэн тохиолдолд цаашид монголоос ирэх жуулчдыг чангатгах болно гэдгээ мэдэгджээ.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “БНСУ-ын талаас албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд 1 сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Аялалын товлосон хугацаандаа буцаагүй гээд байгаа хүмүүсийн визгүй зорчих хугацаа долдугаар сарын 21-нд дуусна. Тиймээс визны зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна” гэх хариулт өглөө.