ҮХЦ хүний эрх зөрчигдсөн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг болно
Хүний эрхийн тодорхой зөрчлийг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлэн шийдвэрлэх тухай заалт 1992 оны шинэ Үндсэн хуульд тодорхой тусгагдсан байдаг ч энэ заалт өнгөрсөн 30 жилийн турш огт хэрэгжээгүй, цаасан дээрээ үлджээ.
Олон нийт өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн цэцийг зөвхөн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, УДШ зэрэг байгууллагуудын асуудал, хууль тогтоомжийн зөрүү гэх мэт асуудлыг авч хэлэлцдэг хэмээн ойлгож ирсэн. Өнгөрсөн 30 жилд Үндсэн хуулийн цэц нэг ч удаа хүний эрхийн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлээгүй учраас иргэд энэ талаар мэдээлэлгүй байх нь аргагүй юм.
Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн цэц нь иргэн хүнээс өргөдөл, гомдол ирвэл хүний үндсэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу магадлан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гаргадаг байх асуудлыг онцлон тусгах гэж байгаа аж.
Б.БАЯРТ