М.Рысбек: Казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл
Үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар Баян-Өлгий аймгийн иргэн М.Рысбек мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол хэлний хичээлийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д казах хүүхдүүд маш муу дүн авсан. Энэ нь анхны удаа биш. Жил бүр ийм асуудал үүссээр байдаг. Үүнд сурах бичгийн хангамж, хүрэлцээгүй байдал, багш нарын мэдлэг чадвар, сургалтын тогтолцоо нөлөөлж байна. Баян-Өлгий аймагт 43 сургууль байдаг ч, сурах бичгийн хүртээмж нийт сурагчдын 30 хувьд л хүрэлцэж байна. Сургуульд өдөрт 1-2 цаг Казах хэлний хичээл ордог, харин долоо хоногт 4-5 цаг монгол хэлний хичээл ордог. Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл гэсэн үг. Гадаад хэл үзэх чадамж нь тэр хүүхдэд байхгүй. Үүнийг эсэргүүцэж байна. Монгол хэлийг сайн сурахгүй байгаа асуудал, ЭЕШ-ын үр дүнгийн бурууг ард түмэнд өгөхөөс илүү засаглалтай холбож хэлж болох юм. Монгол хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэл үзэж эхэлдэггүйтэй адил. Тиймээс шинжлэх ухаанч байдлаар шийдвэр гаргасан эсэх үндэслэлд нь тайлбар хийхийг БШУ-ны сайд Л.Энх-амгалангаас хүсэж байна.” гэв.
Б.БАЯРТ