С.Болормаа агсны амиа алдсан хэрэгт холбогдох В.Рэнцэндорж нарыг шүүх хурал эхэллээ
Говь-Алтай аймгийн сум дундыг шүүхэд С.Болормаа агсны амиа алдсан хэргийн шүүх хурал эхэллээ.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай С.Болормаа гэх эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг С.Болормаа бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал олон нийтийн анхаарлыг татаж, багагүй шуугиан дэгдээсэн . Тус хэргийг УЕПГ-аас хяналт тавьж Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг.
Шүүх хурал өнгөрөгч оны 12 дугаар сарын 25-ны өдөр болох ёстой байсан ч яллагдагч талаас В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар “хөл хорионд орсон” гэх шалтгаанаар хойшилсоор өнөөдөр /2021.03.17/ болж байна. Тус шүүх хуралд яллагдагчаар В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар оролцох бол хохирогчоор талийгаачийн ээж Г.Ундрам болон тэдний өмгөөлөгч оролцож байна.