Хурдан морины уралдааныг бүртгэлжүүлж, зохих журмын дагуу зохион байгуулах шаардлагатай
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран уралдаанч хүүхдийн осол гэмтлийн нөхцөл байдал болон бусад осол гэмтлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү хэлэхдээ “Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хамтран нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна.
Он гарсаар хурдан морь уралдаанч хүүхдийн программд 82 уралдаан бүртгэгдэж, 3816 хүүхэд хурдан морины уралдаанд оролцсон. Уралдааны явцад 9 хүүхэд бэртэж,1 хүүхэд амь насаа алдсан талаарх мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гадна бүртгэлгүй хурдан морины уралдаан зохион багуулах тохиолдолд гарч байна. Иймээс аймаг, сумын Засаг дарга нар тухайн орон нутагт зохион байгуулах хурдан морины уралдааныг заавал бүртгэлжүүлж, холбогдох мэрэгжлийн байгуулагатай хамтран хяналтад оруулж, зохих журмын дагуу зохион байгуулах хэрэгтэй байна”гэв.
Мөн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан хэлэхдээ “Манай байгууллагад сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унасны улмаас бэртэж, гэмтсэн 13 хүүхэд мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 8 хүүхэд нас барж, 5 хүүхэд биедээ хүнд гэмтэл авч, одоогоор эмнэлэгт ухаангүй хэвтэн эмчлүүлж байна. Хамгийн гол нь морь сайн унаж чаддаггүй, туршлагаггүй хүүхэд морь унаж, бэртэл авч байгаад анхаарах шаардлагатай байна.
Үүнээс гадна хичээл, сургууль амарснаас хойш 10 хүүхэд өндрөөс унаж гэмтсэн байна. Иймд эцэг, эхчүүдийн зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, болзошгүй хор уршгийг таниулах шаардлагатай байгааг анхааруулсан юм.