|

Сахал хочит Д.Эрдэнэбилэг найман жил дуншсан зээлээ төлж, өр цайрав

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан “Кью Эс Си” ХХК 192 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд төлөх шийдвэрийг Улсын дээд шүүхээс гаргасан. Тус компани нь 2014 онд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээлийг авсан байдаг.
Гэвч 2018 оноос хойш эргэн төлөлтөө тасалдуулж төлбөрийн зөрчил үүссэн. Улмаар МУХБ-ны зүгээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр маргааныг шийдвэрлүүлэн, 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхээс “Кью Эс Си” ХХК нь 191,120,985,745 /нэг зуун ерэн нэгэн тэрбум нэг зуун хорин сая есөн зуун наян таван мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан МУХБ-нд олгохоор шийдвэрлэсэн билээ.
Хөгжлийн банкнаас зээл авсан 26 компаниас хамгийн их хэмжээний зээлийг авсан “Кью Эс Си” компанийн ард Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг холбогддог.
Тэгвэл найман жил дуншсан 192 тэрбум төгрөгийн зээлээ Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК өчигдөр /2022.06.30/ Хөгжлийн банканд төллөө.

Засгийн газар, АТГ, Прокурорын байгууллагатай хамтран ажиллаж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгийн үр дүнд ийнхүү Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгч сахал хочит Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК зээлээ бүрэн төлж, барагдууллаа.

Ингэснээр 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Хөгжлийн банканд 43 зээлдэгчийн нийт 481,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн юм. 

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *