ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Зүүн бүсийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Сургалтаар ХАБЭА-н 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ХАБЭА-н хуулийн өнөөгийн байдал, хуулийн хэрэгжилт болон ОУ-ын стандарт нэвтрүүлэхэд Үйлдвэрчний эвлэлийн үүрэг, оролцоо зэрэг чухал асуудлуудаар мэдээлэл зөвлөгөө өгч харилцан санал солилцов. Мөн аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааны мэдээлэл хүргэсэн юм. Үүнээс гадна үйлдвэрлэлийн осол, шалтгаан, үр дагавар, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, ХАБ-ын удирдлагын тогтолцоо ба аюулгүй ажиллагааны талаар аж ахуйн нэгжүүд хэрхэн анхаарах талаар илтгэл мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдуулах, хяналт, зөвлөгөө тусламжыг сайжруулахыг онцлов.
Мөн тэрбээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааны дүрэм, журмаа баримталж ажиллах нь ажилтан, аж ахуйн нэгж цаашлаад гэр бүлийн харилцаа, орчин нөхцөл, нийгэм, эдийн засаг зэрэг олон зүйлд сөрөг нөлөөтэй тул нэг талаас ажилтан өөрөө, нөгөө талаас ажил олгогч, мөн төр хувийн хэвшил үйл ажиллагаагаа илүү чамбайруулах, нягтлах, шалгах, зөвлөн туслах зэргээр нягт уялдаатай ажиллах нь чухал болохыг дурдсан юм. Сургалтаар Дорнод политехник коллежийн захирал Т.Сүмбэр ISO 45001 2018 стандартыг нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцаж харилцан санал солилцов. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл хамтран зохион байгууллаа.