Үндсэн хуулийн цэц ба хүний эрх

1992 онд баталсан Үндсэн хууль нь улс төр, нийгэм, эдийн засгийн тэс өөр шилжилтийн үед гарснаараа онцлог бөгөөд, хуульд заагдсан нэгэн шинэ үзэл санаа нь хүний эрхийг хамгаалах явдал байсан юм. Гэвч цаг хугацааны эрхээр сорилтууд тулгарч хүний эрхийн зарим асуудлууд алдагдах, дутуу хангагдах асуудлууд оршиж ирэв. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүний эрхий талаар нэлээд нухацтай авч үзсэн.

МОНГОЛ ХҮН ЭРХИЙН АСУУДЛАА ХУУЛИЙН ДЭЭД БАЙГУУЛЛАГААР ШИЙДВЭРЛҮҮЛЖ БОЛНО

Анхны ардчилсан Үндсэн хуульд хүний эрхийн тодорхой зөрчлүүдийг Үндсэн хуулийн шүүх буюу Цэцэд хандан шийдвэрлүүлэх, хамгаалуулах үзэл санааг тусгасан байдаг. Гэвч энэ гучин жилийн хугацаанд Цэцээр шийдвэрлүүлсэн хүний эрхийн зөрчлийн тохиолдол гараагүй. Үзэл бодлоо илэрхийлэх, амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг нь хүний үндсэн эрх буюу хуулиар заагдсан эрхүүд юм. Өнгөрсөн хугацаанд иргэнийг эрүүдэн шүүсэн, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө их бага хэмжээгээр торгосон, тайван жагсаал, цуглааныг хүч хэрэглэн тараасан зэрэг хүний эрхийн зөрчлүүд тэмдэглэгдсээр ирсэн. Эрхээ зөрчүүлсэн иргэн ердийн шүүхэд гомдол гаргасан ч эрхээ хамгаалуулж чадаагүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь Үндсэн хуулийн 66.1-ээр нээлттэй. Гэтэл Үндсэн хуулийн цэц ийм өргөдөл хүлээж авдаггүй уламжлал, арга барил өнгөрсөн хугацаанд явж иржээ. Энэ байдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах саналыг хуульчид тавьжээ.

ХУУЛЬЧДЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Монгол Улсын Үндсэн хуулийн 66-р зүйлд одоо байгаа нь:

  • Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхийсайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.
  • Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна.

Судлаачдын санал, зөвлөмж:

  • Үндсэн хуулийн цэц нь Үндсэн эрх, эрх чөлөө зөрчсөн тухай маргааныг иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана.
  • Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурлын наймаас доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шүүхийн хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна.

ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ

Онолын хувьд боломжтой гэж энэ чиглэлээр судалдаг докторууд бичиж байна. Тухайлбал, доктор Ч.Өнөрбаяр “Хэдийгээр энэхүү үндсэн эрхийн маргааныг хуулиар Үндсэн хуулийн цэцийн хяналтын объект болгон шууд зааж өгөөгүй боловч Үндсэн хуульт ёсны онол, хууль зүйн техникээр нь дамжуулан Цэцийн маргааны харьяалалд багтаах бүрэн боломжтой” хэмээн тэмдэглэсэн бол доктор Ц.Сарантуяа багш “Цэцийн хяналтад хамаарах бүх шийдвэрийг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүрэлдэхүүнд багтах байгууллага, албан тушаалтны шийдвэр хэмээн ангилж болох ба үүнд шүүх эрх мэдлийн байгууллага (ердийн болон дагнасан шүүх)-ын шийдвэр багтаж ороогүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэн шийдвэрлэж буй маргааны харьяалал сонгодог ойлголтоос зөрүүтэй болохыг илтгэдэг. Харин сонгодог онолын дагуу Үндсэн хуулийн шүүх нь ердийн болон дагнасан шүүхийн шийдвэрийг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянадаг тухай өмнө өгүүлсэн. Энэ тохиолдолд ердийн болон дагнасан дээд шатны шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараагаар Үндсэн хуулийн шүүхэд хандах эрх бий болдог. Дээрх асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд Улсын дээд шүүхийн шийдвэрийг хянах эрхийг олгочих юм бол Цэц хяналтын “супер” шат дамжлага болчихно гэж ойлгож болохгүй. Мөн энэ нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасантай зөрчилдөхгүй юм.” гэж бүр тодорхой дурдсан байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *